• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар 2012 оны 12 дугаар сарын 06-нд Нэн ядуурал ба хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгч хатагтай Магдалена Сепулведаг хүлээн авч уулзав. Тусгай Илтгэгч Монгол оронд нэн эмзэг байдал ба хүний эрх, ялангуяа нэн ядуу байдалд амьдарч буй хүмүүс, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй болон харъяалалгүй, дотоодын шилжин суурьшигч, эмэгтэйчүүд, ажилгүйчүүд, цөөнхийн бүлгийн хүмүүсийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс баримталж буй бодлого чиглэл, хийж буй ажлын талаар онцгойлон ярилцав. Хүний эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудлуудаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаа шинжилгээ, үнэлгээ хяналт, Монгол орны сүүлийн гурван жилийн илтгэлүүдэд тулгуурлан нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах бодлого, хот, хөдөөгийн хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн  хэрэгжилтийн ялгаатай байдал, сургуулийн өмнөх насны хүүхдийн сурч боловсрох эрх болон үндэсний цөөнхийн нийгэм, соёлын эрх ЛГБТ, ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийн асуудлууд зэрэг хийсэн ажлууд, судалгааны тайлан болон дээрх эрхүүдийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлд тусгуулахаар тавьсан саналуудыг танилцуулав.