• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 48 ДУГААР ЧУУЛГАНЫ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР ОРОЛЦОВ

Дэлхий дахин энэ жилийн Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдрийг дэлхий дахин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зэрэг үндэстэн дамнасан ноцтой хэргүүдэд цаазаар авах ял шийтгүүлж буй хүмүүсийн нэлээд хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаад анхаарлаа хандуулан өргөн хүрээнд асуудлыг хэлэлцүүлэв.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 48 дугаар чуулган нь энэ оны 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж цаазаар авах ялын асуудлаарх тогтоолын төслийг найман орон санаачилж хэлэлцүүлсний дотор Монгол Улс багтсан юм. Цаазаар авах ял нь төр хүний амьд явах эрхэд харшилдаг ноцтой зөрчил тул НҮБ Иргэний болон Улсын эрхийн талаарх олон улсын пактын хоёрдугаар Нэмэлт Протоколыг 1989 оны 12 дугаар сарын 15-нд баталж гишүүн улсуудадаа уг баримт бичгийг соёрхон батлах, цаазаар авах ялыг өөрийн улсын хууль тогтоомжоор халах хүртэл огт хэрэглэхгүй байхыг уриалсан юм. Өдгөө НҮБ төдийгүй Европын Холбоо зэрэг олон улсын нийгэмлэг цаазаар авах ялын эсрэг аливаа хориг арга хэмжээ авах болсон. Мөн Европын Холбооны GSP+ буюу татварын хөнгөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсуудад экспортлох хөтөлбөрийн хүрээнд цаазаар авах ялыг халсан орнуудад уг хөнгөлөлтийг үзүүлж ирлээ.

Монгол Улсын Иргэний болон Улсын эрхийн талаарх олон улсын пактын 2 дугаар Нэмэлт Протоколыг 2012 онд соёрхон баталсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор уг ялыг бүрэн халсан билээ.

Хунан.PNG

Хүний эрхийн Зөвлөлийн 48 дугаар чуулганы дагалдах арга хэмжээ болох “Эмэгтэйчүүд, хүнд ял шийтгэл: Хар тамхины хэрэгт цаазаар авах ял оногдуулж буй нь” сэдэвт олон улсын хурлыг /2021.10.07/ Монгол Улс хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан оролцож, Монгол Улсад цаазаар авах ялыг халсан туршлагын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр цаазаар авах ялыг хүнд ноцтой гэмт хэргүүдэд оногдуулснаар тэдгээр гэмт хэргийн тоо буурдаггүйн дээр тэдгээр гэмт хэрэгт эмэгтэйчүүд, хүүхэд, цаашилбал оюутан, залуучууд мэдлэг, мэдээлэл хомс, гэнэн итгэмтгийгээсээ холбогдож, ял шийтгүүлж, хэргийн зохион байгуулагчид нууц далд үлддэг болохыг онцлов. Мөн цаазаар авах ял нь амьд явах эрхийг эргэж сэргээх ямар ч боломжгүйгээр зөрчдөг хүний эрхийн зөрчил учир Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурь Монгол Улсад уг ялыг сэргээх аливаа оролдлогыг дэмжихгүй бөгөөд дэлхий нийтээр цаазаар авах ялыг халж амьд явах эрхийг баталгаажуулахын төлөө байр суурь нэгтэй болохыг илэрхийлэв.

Тус дагалдах арга хэмжээнд олон улсын 140 гаруй дипломат, хүний эрхийн идэвхтэн, хууль тогтоогч, хууль сахиулагч, эрдэмтэн судлаачид оролцсон болно.