Хүний
эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2016 оны 3 дугаар сарын 2-3-ны өдөр
Мароккогийн Вант Улсын Рабат хотноо болсон "Бизнесийн холбогдолтой хүний эрхийн зөрчлийг
шийдвэрлүүлэх, эрх сэргээлгэх боломжийг хангах нь: ХЭҮБ-уудын үүрэг
роль” сэдэвт
семинарт оролцлоо. Семинарт Ази-Номхон далай, Африк, Европ, Америк тивийн бүс
нутгаас Ажлын хэсгийн гишүүд, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар болон
бусад олон улсын холбогдох байгууллагын төлөөлөл, экспертүүд оролцов.
Уг
семинарыг Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон
Улсын Зохицуулах Хорооны Бизнес ба Хүний эрхийн Ажлын хэсгээс зохион байгуулсан
юм. Семинарын зорилго нь бизнесээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс үүдсэн
хохирлыг арилгуулж, зөрчигдсөн эрх сэргээлгэх арга хэмжээ авахуулах талаар
ХЭҮБ-ууд арга туршлагаа солилцох, иргэд хохирлоо барагдуулахад Парисын Зарчимд
заасан эрх хэмжээгээрээ оролцох бололцоо, хувь нэмэрийг тодорхойлох, бизнесийн
холбогдолтой хүний эрхийн зөрчлийн хохирлыг барагдуулахад тулгардаг харьяаллын
болон бусад практик шинжтэй бэрхшээлийн ойлголтыг тодорхойлох, мөн ХЭҮБ
дангаараа болон хамтран хууль зүйн хариуцлага тооцуулах, хохирол барагдуулах
асуудлаарх бүтцийг хэрэгжүүлэх үйл явцын мөрөөр авч болох бодит үйл ажиллагааг
тодорхойлох байлаа.
Семинарт
оролцсон Комиссын гишүүн П.Оюунчимэг "Бизнесийн
салбар дахь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэхэд Монгол Улсын хүний эрхийн
үндэсний байгууллагын эрх хэмжээ, хяналт шалгалтын болон гомдол шийдвэрлэх
ажиллагаа, анхаарах асуудлууд” сэдвээр
танилцуулга хийж энэ чиглэлд Комиссын явуулсан үйл ажиллагаа, цаашид анхаарах
асуудлуудыг ярьж, өөрийн туршлагыг хуваалцлаа.
Семинарын
дараа 3 дугаар сарын 3-ны үдээс хойш ОУЗХ-ны Бизнес ба Хүний эрхийн Ажлын Хэсэг
ээлжит хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар 3 дугаар сарын 21-ний өдөр Женев хотноо
ОУЗХ-ны 29 дүгээр Ерөнхий Хурлаар хэлэлцүүлэн батлуулах Ажлын Хэсгийн 2016-2018
онд баримтлах Стратеги, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг
асуудлуудыг хэлэлцэн зөвшилцлөө.