• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хүний эрхийн өдрийг Монгол Улсад тэмдэглэнэ

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэх болсоор өдгөө 63 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жилийг залуусын байнгын хэрэглээ болж буй фэйсбүүк, твитер зэрэг нийгмийн мэдээллийн цахим сүлжээгээр дамжуулан хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, эрхийнхээ төлөө хүн бүр хариуцлага хүлээх үзэл санааг түгээх, бататгах зорилгоор "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймээс энэ өдөр хүний эрхийн талаар хэлэлцэж, мэтгэлцэж, суралцаж, мэдлэгээ бусадтай гар утас, мессэж, интернетээр хуваалцах өдөр юм. Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч байгууллагын хувьд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын хүний эрхийн өдөрт зориулан сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн олон төрлийн тэмцээн, уралдаан, арга хэмжээг зохион байгуулж буйн зэрэгцээ олон нийтийн хүний эрхийн боловсролд зориулан цахим хуудсыг шинээр нээлээ. Цахим хуудаснаас та бүхэн хүүхэд, залуус, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулсан мэдээлэл, хүний эрхийн өдөр, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын тухай сонирхолтой нийтлэл, мөн 2011 онд батлагдсан хүний эрхийн талаарх чухал хууль тогтоомж болох Жендэрийн тэгш байдлыг хангах тухай болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хялбаршуулсан хувилбар, видео мэдээллийг үзэх боломжтой болж байна. Монгол Улсад амьдарч буй хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хариуцлага чухал болохыг тэмдэглэхийн ялдамд хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих ариун үйлсэд Хүний эрхийн Үндэсний Комисстой идэвхтэй, бүтээлчээр  хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.