• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кэнтийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Стивен Кентэд баяр хүргээд Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, Комиссын дэргэд шинээр байгуулагдаж буй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон Хүний эрх хамгаалагчийн механизм, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сүүлийн үед гарсан ахиц дэвшил, Комиссоос урт богино хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулсан бол Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кэнт өөрийн байгууллаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, цаашид Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн цахим номын сан бүтээх, Комиссын орон нутаг дахь үйл ажиллагааг бэхжүүлэх, хүртээмжтэй болгох, чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн алслагдмал газар амьдардаг хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчид, холбогдох байгууллагад хүргэх замаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

IMG_5392.jpg

Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт Х.Номин, ОУХЭЗБ-ын Авлигатай тэмцэх төслийн ажилтан Ц.Баттуяа, Хүүхдийн Эрх Хамгаалах төслийн ажилтан Б.Ундрахбуян, Г.Одонтуяа нар байлцав.