Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн 2012 оны 3 дугаар сарын 06-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.
-ЗАСГИЙН ГАЗАР ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ КОНВЕНЦИЙН ЗААЛТЫГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ-
-Гэрчийг хамгаалах хамгаалалт хуульд байхгүй болохоор тухайн хүн чөлөөтэй ярьж байна шүү дээ. Хамгаалалт байхгүй тул тэр гэрч яах вэ. Хуульд хамгаалалт байсан бол тэр хүн гэрчийн нэрийг зарлахгүй шүү дээ.Тийм болохоор тэр хурандаа зоригтой ярьсан байна.
-Олон нийтийн анхаарал татсан хэргийн гэрчийг зарлах нь хэр зохистой вэ. Хууль эрх зүйн орчин нь манайд ямар байдаг юм бол?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зургадугаар бүлгийн 44-т гэрч гэсэн заалт бий. Энэ бол гэрчтэй холбоотой ганцхан заалт. Тэр дотроо ач холбогдол бүхий ямар нэгэн мэдээлэл, баримтыг мэдэж буй тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэж хэлнэ хэмээн тодорхойлсон байгаа. Гэрч гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч. Энэ хуулиар гэрчийг хэрэгт холбогдуулан зарлан дуудах хуудсаар дуудаж хууль сануулан байцаалт авдаг. Гэрчээр байцааж болохгүй хүмүүсийн жагсаалт тэнд бас бий. Жишээ нь тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгчийг, өмгөөлөгчийг дуудаж байцааж болохгүй. Мөн ямар нэгэн өвчний улмаас тухайн асуудлыг зөв мэдүүлж чадахгүй эрх зүйн чадамжгүй хүмүүсийг байцаадаггүй.
Тухайн гэрч хэргийн талаар худал мэдээлэл өгсөн эсвэл мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хариуцлага хүлээнэ. Харин гэр бүлийн гишүүн эцэг, эх төрөл садныхаа талаар мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гээд Үндсэн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан байдаг. Тэгэхээр холбогдох хуулиудад гэрчийн үүргийг заасан атлаа хэрхэн хамгаалах тухай тодорхой заалт хуульд алга. Нийгэм хөгжихийн хэрээр гэмт хэргийн гаралт ихэсч буй энэ үед гэрч, хохирогч нарыг хамгаалах хамгаалалт хуульд байхгүй. Бусад орнуудад гэрч хохирогчийн хамгаалалт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хамгаалалтын түвшинг нь аваад үзэх юм бол манай улс хоцорч явна.
-Гадаадын улс орнуудын жишиг ямар байдаг юм бол. Тодорхой жишээгээр тайлбарлах боломж байна уу?
-Тухайлбал, ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэрч ямар нөхцөлтэйгөөр оролцоод байгаа юм бэ гэдгийг аваад үзье. Тус улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нь гэрчийн хамгаалалтын тухай тодорхой заалтууд орсон байдаг. 2004 онд гэрч, хохирогч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч бусад оролцогчдыг төрөөс хамгаалах тухай хууль гээд тусдаа хууль гаргасан байх жишээтэй. Үүнээс гадна гэрч, хохирогч болон эрүүгийн шүүх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах улсын хөтөлбөр, Эрүүгийн шүүх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, 2007 оны наймдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тайлбар гэх мэтээр олон хууль тогтоомж гаргасан байгаа юм. Энэ дүрэм журмыг харахаар ОХУ-ын ямар нэгэн хэргийн гэрч, хохирогч болон эрүүгийн шүүх ажиллагаанд оролцогчдыг төрийн хамгаалалтад авдаг, хамгаалалтад байгаа иргэнд төрөөс нөхөн төлбөр олгодог байгаа юм.
АНУ гэрчийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай орон. 1970 оноос эхлэн мөрдөгдөж буй Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа зохицуулсан байдаг. Зохион байгуулалттай гэмт хэрэг нь өөрөө олныг хамарсан бүлэг, зохион байгуулалтад орсон шинж чанартай байдаг. Ийм хэрэгт гэрч, хохирогчоор орж буй хүн маш их эрсдэлд ордог. Тийм учраас тусгайлан дээрх хуульдаа гэрчийг хамгаалах эрх зүйн орчинг зааж өгсөн байгаа юм.
-Тэгэхээр хохирогч, гэрчийг хамгаалах асуудлыг манай улс орхигдуулсан гэж ойлгож болох уу?
-Яг ч тэгж ойлгож болохгүй. Бид 2007 онд Ерөнхийлөгчийн ивээл дор хохирогчийн эрхийн тухай үндэсний чуулган хийсэн. Энэ чуулганд тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүд оролцож гэрч, хохирогчдын эрхийг хамгаалсан хуулийг өргөн барина гэж ярьсан. Энэ чиглэлээр төслүүд явж байгаа. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй эсвэл өргөн барьсан хуулийн төсөл одоохондоо хараахан алга. Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах тухай хуультай болох цаг нь болсон байна. Бусад орны туршлагуудыг харж байхад нийтлэг журмаар энэ чиглэлийн асуудлыг зохицуулсан байлаа гэхэд тодорхой хэргүүд дээр гэрчийн мэдүүлгээс хамаараад хамгаалалтад авах буюу гэрчийг хамгаалах нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулж болох юм байна гэсэн санал надад бий.
-УИХ-ын Хүний эрхийн дэд хороо гэрчийг тодорхой хэмжээгээр хамгаалалтдаа авсан байхад тэр хүнийх нь нэрийг олон нийтэд зарлана гэдэг цаашид ямар эрсдэл дагуулж болохыг таах аргагүй. Гэрчийн нэрийг зарласан хүн ямар хариуцлага хүлээх вэ?
-Хуулийн зохицуулалт байхгүй юм чинь тэр хүн ямар ч хариуцлага хүлээхгүй шүү дээ. Жишээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчийн эрх үүрэг нь байна. Хамгаалалтын асуудал нь алга. Мэдүүлэг өгснийхөө дараа гэрч ямар нэгэн асуудалд орж, нэр хүндээрээ гутаан доромжлогдож мэдэх юм. Нийгэмд эзлэх байр сууриа алдах, эсвэл бие махбодь гэх мэт янз бүрийн хэлбэрээр хохирч болохыг үгүйсгэх аргагүй. Гэрчийн эрхийг төр ямар нэгэн байдлаар хуульчилж хамгаалаагүй тохиолдолд иймэрхүү үйлдлүүд гарч болох юм. Уг нь хуулиар хамгаалаад тэр бүх халдаж болох эрсдлүүдийг нэрлээд тэндээс тооцож болох хариуцлагыг нь нарийн зааж өгөх ёстой. Өнөөгийн нөхцөлд "Чи гэрчийн нэрийг зарласан байна, хариуцлага хүлээлгэнэ" гэж хэлэх боломж байхгүй.
-Хүний эрхийн комисст гэрч хандаж, хамгаалуулж байсан тохиолдол бий юү?
-Ер нь 11 жилийн хугацаанд гэрчтэй холбоотой авч байсан арга хэмжээ цөөхөн шүү. Хохирогчид бол манай байгууллагад их ханддаг. Хохирогчид нөхөн төлбөр болон Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчоор тогтоох асуудалд маргаантай гэх мэтээр хандаж байсан тохиолдол бий. Бид шууд Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хангаж биелүүлэх ёстой гэдэг хөндлөнгийн хяналтыг л тавьж ажиллаж байгаа. Засгийн газар олон улсын гэрээ конвенцийн заалтыг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг Засгийн газраар биелүүлэхийн тулд манай байгууллага олон судалгаа, хяналт шалгалтын ажлыг хийж байна. Мөн НҮБ-ын салбар хороодоор Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцдэг. Илтгэлтэй холбоотой зөвлөмжүүд Засгийн газарт ирж байдаг. Энэ зөвлөмжийг Засгийн газар биелүүлэх ёстой. Засгийн газар биелүүлнэ гэдэг нь мэдээж яамд өөр өөрийн чиглэлд хамаарах ямар нэгэн ахиц дэвшил гаргадаг. Тэгээд дараагийн дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөдөг. Тэгж байж Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал олон улсад үнэлэгдэж дүгнэгддэг гэж ойлгох хэрэгтэй.
-Хуульч хүн, тэгээд цагдаагийн нэг байгууллагыг удирдаж байсан хурандаа шалгагдаж буй хэрэгтээ санаатайгаар нөлөөлөх гэсэн үү, гэрчийн нэрийг дэлгэнэ гэдэг ёс зүйн хувьд ямар байдаг юм бол?
-Мэдээж хуульчийн, тухайн байгууллагын өөрсдийн дагаж мөрддөг ёс зүйн дүрэм бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалттай холбоотой нууцыг задруулж болохгүй, тухайн хувь хүний талаар мэдээлэл өгөхгүй гэх мэтээр заасан байдаг. Энэ бол тухайн хувь хүнтэй холбоотой л асуудал. Тухайлбал иргэн Дорж өөрийнхөө мэдэж байсан асуудлыг нийтэд зарласныхаа төлөө хариуцлага хүлээнэ гэсэн зүйл заалт хуульд байхгүй бол тэр хүний буруу гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй.
-За тэгвэл хуулийн хүрээнд ийм байдаг юм байж. Хүний эрх талаас нь тайлбарлаж үзвэл ямар вэ?
-Олон улсын гэрээ, конвенцид заасан асуудлууд байна л даа. Жишээ нь хохирогчдын эрхийг хамгаалах асуудал түлхүү тусгагдсан байдаг. Гэхдээ гэмт хэргийн хохирогч яг тийм хамгаалалтад байна гэсэн нарийн заалт бас байдаггүй. НҮБ бол гишүүн орнуудынхаа хэмжээнд хүний эрхийг хамгаалах чухал зарчмуудыг гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг улс орнууд үндэсний хууль тогтоомжууддаа заавал оруул гэсэн шаардлагыг тавьдаггүй. Тухайн улс орон аль болох дотоодын хуулиа олон улсын гэрээ конвенцтой нийцүүлэх ёстой.
-Ийм тохиолдолд Хүний эрхийн комисс хүний эрх зөрчиж буй талаас нь асуудлыг харж мэдэгдэл гаргах ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлэх алхам хийж болдоггүй юм уу?
-Манайх хувь хүний талаар асуудалд хандахаасаа илүү Монголын нийгэмд хүний эрх ямар нөхцөл байдалд хэрхэн зөрчигдөж байна. Хэр аюултай эсэх талаас нь судалж дүгнэлт гаргадаг. Түүнээс манай байгууллага мэдэгдэл гаргаад байдаггүй. Шаардлагатай үед мэдэгдэл гаргана шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний үймээн монголчуудын хувьд хар толбо үлдээсэн. Ийм хэргийн гэрчийн нэр олон нийтэд ил болсон гэдэг талаас нь хандах ёстой юм болов уу гэж бодож байна л даа?
-Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэгт татагдаад явж буй хүнд гэм буруугүйн зарчим үйлчлэх ёстой.
-Ямар нэгэн хэргийн гэрчийн аюулгүй байдал талаас нь Хүний эрхийн комисс судалгаа хийж байв уу?
-Шууд гэрчтэй холбоотой судалгааг бид хийж байгаагүй. Ажиглаж байхад Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрч, хохирогчидтой асуудлууд ер нь түгээмэл гардаг. Хэргийн талаар мэдчихээд мэдүүлэг өгснийхөө төлөө гэрч хохирогчдод ямар нэгэн эрсдэлд орох магадлал өндөр. Бусад оронд бол гэрч, хохирогч нарын эрхийг хамгаалсан тусгай бие даасан хууль, дүрэм журам бий. Харин манайд тусгайлсан хууль битгий хэл, дүрэм журамч алга.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ