Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч уулзаж ярилцжээ. Тус сонины 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт нийтэлсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
-Амьдралын хором мөч бүрт, алхам тутамд хөндөгдөж байдаг хүний эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2001 онд байгуулагдсан цагаас хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэвч комиссын 20 гаруй ажилтан Монголын бүх хүнд хүрч ажиллах боломжгүй учир төрийн бус байгууллагуудтай хамтардаг. Монголд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд олон бий. Мөн комиссын тухай хуулинд зааснаар манайд орон тооны бус зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлд 21 төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулдаг.
Хөдөө орон нутагт комиссыг төлөөлж ажилладаг ажилтан байдаггүй учраас бид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар жилд 7-10 аймагт 3-4 хоног ажиллаж иргэдээс өргөдөл гомдол авч, сургалт явуулж, шалгалт хийдэг.
-Хүмүүс ямар нэгэн байдлаар хохирлоо гэхэд цагдаа, шүүхийн байгууллагад очдог. Харин Хүний эрхийн үндэсний комисст ямар асуудалтайхүмүүс ханддаг вэ?
-Комиссын тухай хуульд зааснаар манайх иргэд, хамт олон, хувь хүнээс өргөдөл гомдол хүлээж авах заалттай. Тиймээс өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзсэн хэн ч гомдол гаргаж болно. Манайх тэр хүмүүсийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөх үүрэгтэй. Харин Иргэний болон Эрүүгийн хэргийг шалгаж, шийдвэрлэх шатандаа яваа хэргийг хүлээн авдаггүй. Гэтэл ийм хориглосон шинжтэй өргөдөл гомдол их ирж байна. Тиймээс Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу Засгийн газар юм уу, тухайн байгууллага зөрчсөн тохиолдолд шалгаж шийдвэрлэх үүргийг ХЭҮК хийж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болон гэрч, хохирогчийн асуудалд эрүү шүүлтээс ангид байх эрх нь зөрчигдсөн тохиолдолд бид шалгаж шийдвэрлэдэг.
Анх байгуулагдаж байхад жилдээ 70 орчим өргөдөл хүлээн авдаг байсан бол одоо жилдээ 300 гаруй өргөдөл, гомдол авч байна.
-Төр, засгийн үүрэг хариуцлагаас үүдсэн эрхийн зөрчилд танайх ямар арга хэмжээ авч байна?
-Олон нийтийн эрх ашгийг шүүх хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх гарцыг манайх 2005 онд анх тавьсан юм. Тэр үед ийм төрлийн өргөдөл, гомдол ч гардаггүй, шүүх ч шийддэггүй байсан. Хилсээр ял шийтгүүлсэн хүнийг эрүүдэн шүүж, эрхийг нь зөрчсөн гэж үзээд анх удаа төлөөлөн нэхэмжлэлийг ХЭҮК гаргасан. Монголын шүүхийн түүхэнд анх удаа төр нь хохироосон иргэнийхээ өмнө хариуцлага хүлээсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 17-18 төрлийн нэхэмжлэлд, төрөөс нөхөн төлбөр амжилттай гаргуулсан. Энэ маягаар хөдөө орон нутагт ажиллаж байхдаа уул уурхайгаас болж иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдвэрүүлэлгүй тухайн компанитай нь иргэдийн эрх ашгийг төлөөлөн ярьж, нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж байсан тохиолдол бий.
-Танайд ирдэг өргөдөл гомдлын ихэнхийг хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлууд ханддаг гэсэн. Тэнд хүний эрх ноцтой зөрчигдөж байнауу?
-1967 онд НҮБ Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай пакт гэсэн хоёр том баримт бичиг гаргасан. Энэ хоёрыг хүний эрхийн олон улсын бил гэж нэрлэдэг. Энэ хоёр пактыг салбарлаж гарсан олон тооны гэрээ конвенцод Монгол Улс нэгдсэн.
Тиймээс сэжиглэгдэн, шалгагдаж байгаа хүмүүс төрийн хамгаалалттай байранд хорьсноор шууд бус утгаараа төр хамгаалалтдаа авч байгаа юм. Тэгэхээр тухайн хүний эрхийг зөрчихгүй байхыг төр хариуцах ёстой. Гэтэл тэнд өвчин тусах юм уу, эрүүдэн шүүлтэд орох зэрэг нөхцлийн эрх нь зөрчигддөг. Энэ бүхнийг бууруулахын тулд ХЭҮК цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад сургалт явуулж байгаа.
2002 онд ХЭҮК төрийн бус байгууллагатай хамтран анх хүний наймааны асуудлыг гаргаж тавихад хууль хяналтын байгууллагынхан ямар ч ойлголтгүй байсан. Энэ нь даамжирсаар 2008 оноос эрчимжсэн. Хүний наймаа гэж юу болох, яаж ажиллах талаар иргэд ч цагдаа шүүхийн байгууллагууд ч мэдлэг, мэдээлэлтэй болсон. Тиймээс 2008 оноос хойш шүүхээр шийтгүүлсэн хүний тоо эрс нэмэгдсэн.
-ХЭҮК-оос жил бүр хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг УИХ-д өргөн барьдаг. Энэ нь хэр үр дүнгээ өгдөг вэ?
-Одоо манайх 12 дахь илтгэлээ бичиж байна. 2002 оноос хойш хийсэн судалгаанууд дээрээ үндэслээд тухайн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулж ямар шийдвэр гаргуулах талаар жил бүр УИХ-д өргөн барьдаг Хүний эрхийн төлөв байдлын эрх чөлөөний илтгэлдээ тусгадаг. Жил бүрийн илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцээд тогтоол гаргадаг. Гэтэл тогтоолын хэрэгжилт хангалтгүй байдаг нь харамсалтай. Мэргэжлийн түвшинд судлаж гаргасан зөвлөмжийг ажил хэрэг болгоод бодит үр дүнд хүрэх хэрэгтэй байгаа юм.
-Олон судалгаанд ажилласан байх. Хамгийн онцгой, сонин тохиолдлоос сонирхуулаач?
-Ажлын жаргал зовлон байлгүй яах вэ. Хүний гомдол саналыг сонсоод зохих түвшинд шийдвэрлээд явуулахад баярлана. Хэдэн мянган км замыг ганц машинтай туулах, өвлийн -53 градусын хүйтэнд цас зуданд боогдоод явсан ч үе бий. Хорих ангийн болон онцгой объектын шалгалтын асуудалд ч хүндрэл гарна. Амь нас эрүүл мэнд бүх зүйлээрээ дэнчин тавьж ажилладаг. Зорьсон зорилго сэтгэл нийлж байж ажлын үр дүн гарч, сэтгэл хангалуун байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих, нийтэд зөв ойлгуулах, төр засгаас бодлого шийдвэр гаргуулах тал дээр ажилласан.
Судалгаанууд дундаас үндэсний цөөнхийн эрхийн асуудлыг 2003 оноос эхлэн олон нийтэд ил болгож, ямар хүмүүс, яаж эрх нь зөрчигддөг талаар гаргасандаа сэтгэл хангалуун байдаг. Баян-Өлгий аймагт амьдарч буй казак, тува түмэн, Хөвсгөлийн цаатангуудын талаар анх удаа судалгаа хийсэн. Үндэсний цөөнхийн асуудлаар найман жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны дүнд аймаг орон нутгийн удирдлагууд болон төр, засгийн бодлого шийдвэрт тусгаж чадлаа.
Энэ хүмүүсийн амьдрал ахуй, хүсэл мөрөөдөл, эрхийн зөрчил бүгдийг гаргасан үндэсний цөөнхийн эрхийн анхны том судалгаа болсон. Цаатангууд бол нүүдэлчин мал ахуйгаа төгс утгаар нь хадгалж ирсэн ард түмэн шүү дээ. Ахуй амьдралаа залгуулахын тулд цаагаа дагаж өндөр ууланд амьдарч байдаг. 40-өөс дээш насныхан хоорондоо тува хэлээр ярьдаг. Хүүхэд залуус нь ярьж чадахгүй ч ойлгох хэмжээтэй байдаг. Тиймээс хэл, соёл, шашинг устгахгүйн тулд төр засгаас анхаарах ёстой. Үүнд манайх том хувь нэмэр оруулсан.
Мөн эрүүдэн шүүхийн судалгаа маань үр дүнгээ үзүүлсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 25 хорихыг бүгдийг нь шалгасан. 21 аймаг болон Улаанбаатар хотод байгаа цагдан хорих бүх байруудыг нэг камер үлдээлгүй шалгасан. Энэ шалгалтын үр дүн маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинэчлэлт өөрчлөлт, Хууль зүйн яамны барьж буй бодлогын эх үүсвэрийг манайх тавьсан гэж боддог.
-Одоо ХЭҮК нийгмийн аль хэсгийг хамарсан, ямар судалгаанд ажиллаж байна?
-Бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүсийн судалгаа хийж байна. Монголын нийгэмд маш эмзэг, нууц бүлэг байдаг. Энэ бүлгийн хүмүүсийн ДОХ-ын халдварыг давхар судалж байна. Ялгаварлан гадуурхалтаас эхлээд жам ёсны эрхүүд нь төдийгүй хөдөлмөрлөх, сурах, нийгэм хамт олны дунд ажиллаж амьдрах зэрэг хууль ёсны эрхүүд нь давхар зөрчигддөг. Энэ нь тусгаарлагдсан бүлэг хүмүүсийг бий болгох аюултай. Манай улсын хувьд энэ чиглэлээр анх удаа хийж буй томоохон судалгаа болно.
Ярилцсан: Х.МОНГОЛХАТАН