Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгийн "Өдрийн сонин"-ы 2012 оны 10 дугаар сарын 11-ний дугаарт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншигч танаа толилуулж байна.
-Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар танайх саяхан судалгаа хийсэн гэсэн. Энэ судалгааныхаа талаар яриач. Ямар зөрчил дутагдал илрэв?
-Уул уурхай дагасан бүс нутгуудад хүний эрх ямар байна. Хэвлэлээр гарч буй "Уул уурхайн компаниуд хүний эрх зөрчигдөж байна” гэсэн мэдээллүүд хэр бодитой вэ. Бодитой зүйл бол энэ байдалд хаанаас, хэн ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Энэ тухай ярихын тулд заавал шалгалт, судалгаа хийх шаардлагатай байдаг.
Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисс ажлынхаа төлөвлөгөөнд оруулаад 2011 оны есдүгээр сараас эхлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зарим уул уурхай компаниуд хүний эрхийг хэрхэн ханган ажиллаж буй талаар шалгалт хийсэн. Найман аймгийг сонгож аваад шалгалт хийлээ. Нийт найман аймгийн 15 суманд Хүний эрхийн комиссын гурван гишүүн биечлэн ажилласан. Мөн уул уухайн чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжлийн багийг авч зөвхөн Өмнөговь аймгийн гурван суманд судалгаа хийлгэсэн байгаа. Шалгалтаар үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаа болон гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдийн талаар гэж хоёр ангилан судалгаа хийсэн.
-Ашигт малтмалын томоохон компаниудад ашиглалтын лиценз олгосон талбай нь дандаа нутгийн иргэдийн удам залгаж ирсэн өвөлжөө, хаваржаа байна гэсэн яриа байдаг. Энэ тухайд?
-Ашиглалтын лиценз олгосон дийлэнх талбай нь малчдын өвөлжөө, хаваржаа зуслангийн газрыг хамарч байгаа нь шалгалтаар илэрсэн. Олборлолт, хайгуул хийж буй талбай дээр лиценз олгогдох нь малд асар их хор хөнөөлтэй. Малын ашиг шим нь буурдаг, тэжээл нь ховорддог. Өөр газар нутагт буухаар мал нь турдаг, давжаардаг гэдэг ч юм уу иймэрхүү нөлөөлөл үзүүлдэг юм байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Алтайн хүдэр” гэдэг компани байгаа юм. Тэр компанийн ихэнх ашиглалтын лиценз нь А хэлбэрээр олгогдсон. Энэ компани баяжуулах таван үйлдвэртэй. Үйлдвэр нь ажиллаад эхлэхээр орчин тойрныхоо 100 метрээс нэг км газарт битүү тоосонцор хаядаг. Ногоон газарт тэр тоосонцор буухаар хар сараал өнгөтэй болж харагддаг. Харагдах орчин нь тийм байгаа юм чинь тэмээний иддэг, бэлчээрлэдэг газарт тоосонцор унаж байна. Түүгээр дамжаад нөгөө тэмээнээс гарч буй ашиг шим, хөөвөрт нь сөрөг нөлөө үзүүлдэг зүйл ажиглагдаад байгаа. Малд ингэж нөлөөлж байгаа юм чинь иргэдэд ямар хор хөнөөлтэй байх нь тодорхой. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдрах орчны тэнцвэр алдагдаж эхэлж буй юм. Энэ нь бүхэл бүтэн сумыг нүүлгэх асуудал болоод байгаа.
-Яагаад сум нүүлгэнэ гэж?
-”Алтайн хүдэр” компанийн олборлож байгаа газраас хүдрийн судал нь Цээл сумын доогуур яваад Таянгийн нуруу хүрдэг юм байна. Гэтэл лиценз олгосон юм чинь энэ хүдрийг бид олборлох ёстой гэж "Алтайн хүдэр” компанийнхан үздэг. Тэгээд сумын төвийг нүүлгэе. Уурхайн дээхнэ талдаа буюу салхиныхаа дээр аваачъя гэж. Нэг талаараа тоосжилт, аюулгүй орчны тэнцвэр нь алдагдаж буйг шийдэж сумыг нүүлгэн шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэхээр оролдож байна. Гэхдээ тэр нүүлгэн шилжүүлэх зардлыг хэн гаргах юм. Хэрхэн тохижих юм. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрхийг хэн хамгаалах юм бэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байна. Тэгэхээр сумын төв хуучин байрнаасаа 30-40 км газар байраа сэлгэн нүүх болж байгаа юм.
-Тэр өвөлжөө, хаваржаагаа малчид хувьчлаад авчихсан байдаг биз дээ?
-Хувьчилж авсан гэрчилгээ байдаг. Гэсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэх болбол нөхөн төлбөрийн тухай ярина. Гэтэл үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хуульд тусгаж өгөөгүй. Тийм болохоор компанийн санаачилга, иргэдийн шаардлагаар тулгалтын байдлаар нүүлгэлтийн асуудал шийдэгдэх болж буй юм. Жишээ нь, айл нүүлгэхээр боллоо гэхэд малчид энэ өвөлжөөгөө 25 сая төгрөгөөр үнэлнэ гэдэг. Нөгөө компани 25 саяыг өгч чадахгүй, өгвөл өг, үгүй бол боль 2.5 сая төгрөг өгье гэдэг аж. Бүхэл бүтэн арав дахин үнийг нь унагааж байгаа юм. Тэгэхээр энэ байдал компани, иргэд хоёрын хооронд хийж буй наймаа шиг харагдаад буй.
-Асуудал нь тэгэхээр хаанаа байна вэ?
-Төр өөрийнхөө олгосон лиценз гэдэг зүйлээр хязгаарлалт хийж, өөрөө данхар бүтцээрээ малчдын эрх рүү халдаж байна. Тэр эрх нь лиценз олгосон тухайн компанийн мэдэлд шилжиж байна гэсэн үг. Яаж малчдын эрх ашгийг хөндөх вэ, яаж хамгаалах вэ гэдэг нь тухайн компанийн мэдлийн зүйл болчихсон. Үүнийг дагаад нөхөн сэргээлтийн асуудалд маш их маргаан гарч байгаа. Яах вэ, малыг нь машинаар дайрчихдаг ч юм уу, нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд компаниуд 3-5 саяыг малчдад өгсөн байдаг аж. Бигэр суманд үйл ажиллагаа явуулдаг "Макс” компанийн "Маркополо” алтны компани, иргэдийн дунд арав гаруй айлын өвөлжөөтэй холбоотой маргаан дэгдсэн. Тэр өрх бүрт саяхан 2.5 сая төгрөг өгч байж маргаан шийдэгдсэн. Мөн Өмнөговь аймагт ч гэсэн иймэрхүү зүйл гарч байна.
-Хөрөнгөтэй компаниуд 20-40 өрхийн асуудлыг тохироод өөрсдөө шийдчихэж болно шүү дээ. Тэдэнд энэ нэг их асуудал гэж үү?
-Өнгөц харахад 20, 30 айлын хэмжээнд маргаан болоод байгаа харагдаж болох юм. Нэг айлд таван хүн байдаг гэж бодоход хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгийг анхаарах зайлшгүй шаардлага бий. Тийм ч учраас нөхөн төлбөрийн тал дээр төр өөрийнхөө хяналтыг тогтоогоод гэрээ хийдэг ч юм уу, ямар нэгэн гарцыг олж иргэдийг хохироохгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй.
-Цээл сумыг нүүлгэх ажлыг зөвшөөрч, дэмжсэн хүн байдаг юм уу?
-Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд дийлэнх нь дэмжсэн юм билээ. Тэр шийдвэрээ аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд хүргүүлсэн байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр одоохондоо гараагүй байгаа. Хамгийн гол нь үүний цаана өнөөдөр бүхэл бүтэн сум нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байна. Цаашдаа бүхэл бүтэн аймгийг нүүлгэх тухай ярьж мэдэх юм. Даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс сэргийлж л бид энэ асуудлыг хөндөөд байгаа.
-Шалгалтаар ер нь ямар зөрчил дутагдал их илрэв?
-Уул уурхайн бүс нутгуудад агаарын бохирдол, усны хомсдол, хөрсний доройтол хэт их байгаа нь байгальд үлэмж хэмжээний хохирол учирч байна. Ашигт малтмалын замбараагүй тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдсанаар хүн амьтан дайжихад хүрсэн гэх мэт олон зөрчил илэрсэн. Энэ талаар яривал барахгүй байх.
-Гар аргаар ашигт малтмал олборлогчдын тухайд?
-Бас нэг анхаарал татаж буй зүйл бол гар аргаар ашигт малтмал олборлож буй хүмүүсийн асуудал. Тэнд төрийн хяналт гэж алга. Хэдийгээр аймаг, сумын засаг захиргаанаас энэ хүмүүсийг зохион байгуулалтад оруулах асуудлыг ярьдаг боловч хууль дүрэм байхгүйгээс зохион байгуулалтад оруулж чадахгүй байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Чандмань сумын хэсэг иргэдтэй уулзаж байсан. Тэдэнтэй эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ярих хэрэг ч алга. Аймаг, сумынх нь удирдлагууд "Тэднийг хөөдөг, явдаг, буцаад ирдэг” гэдэг зүйлийг л ярьдаг. Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баян-Овоо суманд гар аргаар алт олборлож байгаа хүмүүс нөхөрлөлийн системд орсон байна. Нөхөрлөл нь улсад тодорхой хэмжээний татвар төлдөг. Удирдагчтай, тэр нь тухайн хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж анхаардаг. Гэтэл нөхөрлөлд хамрагдаагүй иргэд биеэ даагаад алт олборлож амиа алдах явдал байсаар байна. Тэнд аль ч шатны хяналт, шалгалт алга.
-Дээрх шалгалтын мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авах ч юм уу, холбогдох байгууллагуудад хандах уу?
-Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд "Уул уурхайн бизнес ба хүний эрх” гэсэн олон улсын бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулах гэж байна. Энэ хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын дэргэдэх Бизнес хүний эрх ажлын хэсгийнхэн, Ази, Номхон далайн хүний эрхийн үндэсний чуулганы байгууллагууд болон Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаа. Бага хуралд дээрх шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Мөн төрийн холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч хянах ажлуудыг хийнэ.
Г.ЯЛГУУН