• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санал тоолох төхөөрөмжийн ажиллах горимтой танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд тодорхой чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул нар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллах горимтой танилцаж төхөөрөмжөөр нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, холимог байдлаар уншуулах, санал тэмдэглэгдээгүй хуудас уншуулах, олон сонголт тэмдэглэсэн саналын хуудаснуудыг уншиж байгаа эсэх зэрэг үйлдэлтэй танилцлаа. Комиссын гишүүдийн зүгээс сонгуулийн бэлтгэл ажлыг хангахдаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн орчны болон бусад хүртээмжийг сайжруулах, хэсгийн хороонд хяналтын камер байршуулахдаа сонгогчийн саналын нууцлалыг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөж, харилцан санал солилцлоо.

СЕХ-ноос санал тоолох төхөөрөмжийг нууцлалыг хангаж орон нутагт хүргэх, гадаадад байгаа сонгогчдын санал авах бэлтгэл ажлыг зохион байгуулж буй явцын талаар танилцууллаа.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд хугацаат цэргийн алба хаагчид, захиргааны болон эрүүгийн журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан зорилтот бүлэгт чиглэсэн сонгуулийн талаарх мэдээллийн хуудсыг бэлтгэж хүргүүлэх ажлыг эхлүүлээд байна.

2.JPG