• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сонгуулийн санал авах байртай танилцлаа

 Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.4-т "Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын саналын хуудсыг унших, санал тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байна”, мөн зүйлийн 87.5-д "... санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна”, мөн зүйлийн 87.6-д "Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна” хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан байдаг. Сонгуулийн тухай хуулийн эдгээр заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 6 дугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх УИХ-ын сонгуулийн 49, 52, 55, 61, 74 дүгээр тойргийн санал авах 20 байрны үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн санал авах байруудтай танилцах явцад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1 дүгээр давхарт байрлаж буй санал авах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын туслалцаагүйгээр саналаа өгөх боломжтой байлаа. Харин хороодын байрны иргэний танхимууд, сургууль цэцэрлэгийн 2 болон 3 дугаар давхар, эсвэл хонгилын давхарт байрлаж байгаа санал авах байранд тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэн бусдын туслалцаа, дэмжлэггүйгээр саналаа өгөхөд орчны хүртээмж хангалтгүй байна. Хороодын иргэний танхимууд үүдэндээ налуу замтай боловч стандартын шаардлагад нийцээгүй буюу тэргэнцэртэй иргэн гарах боломжгүй хэт өгсүүр, хоёр талаараа зориулалтын бариулгүй, зарим тохиолдолд гялгар плитагаар суурь хийсэн тул халтирч гулгах эрсдэлтэй байв. Цөөн сургууль, цэцэрлэгийн байрны гадна талын налуу замыг стандарт шаардлагыг хангахуйцаар хийсэн ч давхар хоорондын шатнуудад нь налуу зам байхгүйгээс үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2 болон 3 дугаар давхарт бие даан гарах боломж бүрдээгүй байв. Санал авах байруудтай танилцах явцад дотоод зохион байгуулалтыг сонгогчдод ялангуяа сонсголын, харааны бэрхшээлтэй сонгогч, тэргэнцэртэй сонгогчдод ойлгомжтой байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийх, тэдгээр иргэдийн тусгай хэрэгцээ шаардлагад нийцэхүйц байдлаар тоноглоогүй байлаа. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсэг бүхий хавтас, харааны шил болон томруулдаг шил зэргийг санал авах байрууд хүлээн авч эхэлжээ. Комиссын гишүүн Н.Ганбаяр санал авах байруудын ахлах зохион байгуулагчдад дээр дурдсан зөрчлүүд болон хуульд заасан шаардлагын талаар танилцуулж, сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө өөрсдийнхөө боломж бололцоогоо дайчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлж, орчны хүртээмжийг сайжруулахыг зөвлөлөө.