• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тусгай сургуулиудад Хүний эрхийн Үндэсний Комисс шалгалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд ерөнхий боловсролын тусгай сургуулиудад суралцаж буй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийн хэрэгжилттэй танилцах, улмаар хүүхдийн эрхийг баталгаатай эдлүүлэх асуудлаар санал, зөвлөмж гаргах зорилгоор тусгай сургалттай сургуулиудад 2012 оны арваннэгдүгээр сарын 27, 28-нд шалгалт хийсэн юм. Шалгалтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29, 116 дугаар сургуулиуд болон 25 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 63, Баянгол дүүргийн 70, Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулиудад тус тус хийж, сургуулийн орчин, нөхцөлтэй танилцлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга гишүүд, Ажлын алба 2012 оны 1 дүгээр сарын 7-нд шалгалтад хамрагдсан тусгай сургуулиудын удирдлагууд болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Сарантуяа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо ТББ-ны тэргүүн С.Сэлэнгэ нарыг урьж ирүүлэн шалгалтын дүнг танилцуулж хэлэлцлээ. Тусгай сургуулиудад хийсэн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, шалгалтын дүнг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тусгай сургуулиудад зөвлөмж хүргүүлэхээр болов. Хяналт шалгалтын дүнд үндэслэн цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
1. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай сургуулиудын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохируулах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах;

2. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид оногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтоохдоо тусгай сургуулийн онцлог, хэрэгцээнд үндэслэх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг суралцагчид оногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх;

3. Тусгай сурганы арга зүй бүхий боловсон хүчнийг бодлогоор бэлтгэхийн тулд өндөр хөгжилтэй улс орнуудад согогзүйч, нөхөн сэргээх сургагч багш нарыг төрийн сангийн тэтгэлгээр суралцуулах;

4. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд согогзүйч, нөхөн сэргээх эмчилгээний эмч бэлтгэх анги нээх, Монгол Улсын Боловсролын Их Сургуульд тусгай хэрэгцээт боловсролын талаарх давтан, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах боломжийг бүрдүүлэх;

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогоос хамааран, ялангуяа өөртөө үйлчлэх чадваргүй, аливаа үйл хөдөлгөөн бие даан удирдах боломжгүй (хувцаслах, хооллох, бие засах, тоглох, суралцах, сургуульдаа ирэх, буцах, олон нийтийн ажилд оролцох зэрэг) хүүхдэд байнга дэмжлэг туслалцаа үзүүлэх туслах багш нарын орон тоог бий болгох, тусгай сургуулиудын анги бүрт тогтмол ажиллуулах;

6. Суралцагчид хөгжлийн бэрхшээлийн улмаас сэтгэл гутралд амархан ордог, бусадтай зөрчилдөх магадлал өндөр байдаг онцлогийг харгалзан тусгай сургууль бүрт мэргэжлийн сэтгэл зүйчийн орон тоог бий болгох, тогтмол ажиллуулах;

7. Тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдийг нөхөн сэргээх, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад шаардлагатай зүйлсийн болон хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгслийн түлш шатахуун, элэгдэл, засвар үйлчилгээний зардлыг бодитойгоор тогтоон төсөвлөх, тусгай сургууль бүрийг суралцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн тээврийн хэрэгслээр бүрэн хангах;

8. Зарим сургуулиудын байрыг иж бүрэн засварлаж шинэчлэх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, цэвэр, бохир ус, дулааны хуучин шугам сүлжээг солих асуудлыг шийдвэрлэх;

9. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа зарим тусгай сургуулийн орчин тойрны зам, зорчих, хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ээлтэй, аюулгүй байдлаар өөрчлөх;

10. Хүүхдийн бие эрхтний онцлогоос шалтгаалан дархлаа султай, хурдан ядардаг байдлыг харгалзан тусгай сургуульд суралцагчдыг анги харгалзахгүй "Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах;

11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээ, түвшин бүрт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар шинэчлэн батлах, үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тусгай хэрэгцээнд нийцсэн, эдэлгээ даахуйц чанартай сурах бичгүүдийг хэвлэх, хүрэлцэхүйц тоогоор түгээх;

12. Тусгай сургуулиуд дахь эмч нарын анхан шатны яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн орчин нөхцлийг бүрдүүлэх, хүүхдүүдийн өвчний онцлог бүрээс шалтгаалан тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болгох, эмч, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишиг стандартад нийцүүлэн өөрчлөх, үүнд хангалттай санхүүжилтийг төсөвлөх;

13. Боловсролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс хамаарч, нэг ангид суралцах суралцагчдын тоог бууруулах, анги дүүргэлтийн нормативыг дахин шинэчлэх;

14. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх суурь судалгааны ажлын арга зүй, шалгуур үзүүлэлт, аргачлалыг холбогдох мэргэжлийн байгууллага, тусгай сургуулиудтай хамтран хийх;

15. Аймаг, нийслэл, сумд, дүүргүүдийн нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэр бүрээр хүүхдүүдийн суурь судалгааны мэдээллийг гаргуулан авч, тус суурь судалгааны тайланд үндэслэн сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийг тусгай сургуулиудад суралцуулах арга хэмжээг авах;

16. Тусгай сургуулийн багш, ажилтнуудын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудалд төрөөс үзүүлэх халамж, үйлчилгээг нэмэгдүүлэх;

17. Тусгай сургуулийн багш, ажилтнуудын мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох асуудлыг судалж шийдвэрлэх;

18. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд татан оролцуулахын тулд чанартай боловсрол олгох зорилгоор цэцэрлэг, дотуур байр бүхий ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвөөс бүрдсэн цогцолборуудыг үндэсний хэмжээнд байгуулах санаачлагыг дэмжих зэргийг ажил хэрэг болгохыг зөвлөв.