• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Түлэнхийн тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт ажиллаж, өвчтөнүүдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмч эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

2013 онд эхлүүлсэн Түлэнхийн төвийн барилгын ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Үүний улмаас тус төв нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр хүүхдийн тасгийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдаж байгаа бөгөөд нөгөө талд түлэнхийн тасаг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрч байна. Түлэнхийн тасаг нь эмч, ажилтан 50 хүний бүрэлдэхүүнтэй, хэвтэн эмчлүүлж байгаа 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар 35 ортой, зөвхөн яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийг л хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

240532020_3778043525565415_7681873413496613165_n.jpg

Мөн сэхээ, хүүхэд, насанд хүрэгчид нэг дор хэвтэн эмчлүүлж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй үй ажиллагаа явуулж байсан түлэнхийн тасаг 2021 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд 892 сая төгрөгийн төсөв зарцуулж төсвийн зардал буурчээ. Энэ нь тасгийн орны тоо 65-аас 35 болж багасч зөвхөн яаралтай өвчтөнүүдийг хүлээн авч үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотой. Ачаалал ихтэй тохиолдолд коридорт ор дэлгэдэг, эмч ажилтнууд өвчтөний өрөөнд нэг дор сууж ажиллах зэргээр наад захын стандарт шаардлага хангагдахгүй нөхцөл нь өвчтөнүүд болон эмч ажилтнуудын эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

240510645_3778043168898784_6320745852082538937_n.jpg

Мөн шинээр баригдаж буй түлэнхийн төвийн барилгын зарим өргөтгөл хийгдэхгүй болсны улмаас цогцос хүлээн авах байр буюу моорог, гал тогоо, угаалгын газар нь нэг дор байрлах хэмжээнд хүрснийг анхаарах шаардлагатай байна.

Комиссоос хийсэн хяналт шалгалтаар түлэнхийн тасгийн өвчтөнүүд болон эмч, ажилтнуудын эрх ноцтой зөрчигдөж байна гэж дүгнэсэн бөгөөд холбогдох албан тушаалтанд Комиссын шаардлага, зөвлөмжийг хүргүүлнэ. Цар тахлын хүнд үед коронавируст халдварын эсрэг тэмцэх нь чухал ч иргэдийн эрүүл мэндийн бусад үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг орхигдуулж болохгүй юм. Тиймээс Комисс эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн асуудалд тогтмол хяналт тавин ажиллана.