УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Ч.Мөнхцэцэг нар 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон Хүний эрхийн Олон улсын үйлчилгээний байгууллагын Нью Йорк хот дахь салбарын дарга Тесс МакЭвой болон тус хөтөлбөрийн менежер Аделайде Луйза Макэвой нарын зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг батласан Азийн анхны орон нь Монгол Улс болсон. Энэ нь Монгол Улсын төр засгаас хүний эрхийг хамгаалахад онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Монгол Улсын иргэн бүр хүний эрхийг хамгаалдаг хамгаалагч байх ёстой. Иймд төр, засгийн зүгээс ХЭҮК-ын үйл ажиллагааг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах үйлсийг дэмжихэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн, дэд хорооны гишүүн Ч.Мөнхцэцэг "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг батлуулахаар УИХ-д өргөн барих үед хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан байхад дахин зэрэгцүүлж шинэ хууль гаргах шаардлагагүй гэж няцаах тохиолдол цөөнгүй гарч байсан. Гэсэн ч хүний эрхийн хамгаалагч нарын хичээл зүтгэлээр хуулийн төслийг батлуулж чадсандаа баяртай байна. Цаашид энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулж, мөрдүүлэхэд хичээл зүтгэл гаргахын төлөө хичээцгээе" гэлээ.
Хүний эрхийн Олон улсын үйлчилгээний байгууллагын Нью Йорк хот дахь салбарын дарга Тесс МакЭвой "Монгол Улсын төр, засаг хүний эрхийг дээдэлж, хамгаалахад хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаад талархаж байна. Цаашид Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг цаг алдалгүй хангахад анхаарах хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс энэ хүрээнд Монголын хууль сахиулагчид, сэтгүүлчид, хүний эрх хамгаалч нарт хэд хэдэн удаа шатласан сургалт, уулзалт зохион байгууллаа. Нийгмийн идэвх чармайлт сайн байна. Цаашид ХЭҮК-ын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, төсвийн санхүүжилтыг тогтвортой нэмэгдүүлэх шаардлагатай" гэв.