• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Уриалга

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2011оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011оны улсын хэлэлцээрийн 3 дугаар бүлгийн 3.1-дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байна. Өвлийн хатуу ширүүн улирал эхэлж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, шинэ оноо баяр хөөр, аз жаргалаар угтах энэ үед Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд багш ажилчдын цалинтай холбоотой асуудлаар үл ойлголцол, маргаан үүсч нийслэл болон зарим аймгийн 93 ерөнхий боловсролын сургууль, 74 цэцэрлэг ажил хаян үүд хаалгаа барин, олон мянган хүүхэд харж асрах хүнгүй гэр орондоо хараа хяналт муутай орхигдож, олон ээлжээр хичээллэж ачааллаа даахгүйд хүрсэн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл урт хугацаагаар тасарч, сурагчид хохирч байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран үүсээд буй асуудлыг нэн даруй хэлэлцэн  шийдвэрлэхийг  уриалж  байна.    МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС