Хүний эрхийн Үндэсний Комиссын
дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 5-12-ны
өдрүүдэд Өмнөговь аймаг дахь уул уурхайн төслүүдийн хүний эрхийн хэрэгжилтэд
үнэлгээ хийх анхан шатны мэдээлэл цуглуулж ажиллалаа.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр
дэх уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм,
эдийн засаг, хүний эрх, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг задлан
шинжилж шийдвэр гаргах үйл явцыг мэдээллээр хангах, үнэлгээ хийх явцад илрэн
тогтоогдсон хүний эрхийн зөрчил, сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга
замуудыг тодорхойлохоор зарим уул уурхайн компани, аж ахуй нэгж байгууллага,
орон нутгийн удирдлагууд, иргэдтэй харилцан харилцан мэдээлэл солилцож зохих
зөвлөмж, шаардлагыг хүргүүлэн ажиллав.
Тус ажлын хүрээнд "Оюутолгой”,
"Таван толгой”, "Эрдэнэс-Таван толгой”, "МАК”, "Чинхуа Мак”, "Саус Гоби Сэндс”
зэрэг үндэсний томоохон төслүүдийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хүний
эрхэд үзүүлэх үр нөлөөг үнэлэх, дүн шинжилгээ хийх, уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтан албан
хаагчдаас хөдөлмөрлөх эрхийн судалгаа авах, орон нутгийн удирдлагууд болон уурхайн
бүсчлэлд хамаарах малчин өрхүүдээс судалгаа мэдээлэл авч ажиллалаа.
Түүнчлэн Өмнөговь аймгийн
Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаанаас
үүдэлтэйгээр бий болсон хүний амын огцом өсөлт, зохиомол шилжилт хөдөлгөөний
улмаас төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ, сурч боловсрох, эрүүл мэндийн суурь
үйлчилгээ, халамж тэтгэвэр авах зэрэг үйлчилгээний чанар хүртээмжид гарч буй
доголдол чирэгдэл, хүний нөөцийн болон санхүүгийн бэрхшээлүүдийг тогтоох ажлуудыг
гүйцэтгэлээ.
Энэ ажлын үр дүнд тогтоогдсон
хүний эрхийн зөрчлүүдийн талаар холбогдох байгууллага албан тушаалтнуудад
зөвлөмж, шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулахад анхаарч ажиллана.