• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАМТАРСАН БАГИЙНХАН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Хүний эрхийн Үндэсний Комисс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран энэ онд 21 аймаг, 9 дүүрэгт нийт 51 хамтарсан баг, 17 түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажилласан.

Энэ хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээл, ололт амжилт, тулгамдсан асуудлыг илрүүлж, цаашид сайжруулах санал, зөвлөмж гаргах зорилгооор хяналт, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлын үр дүнг ХЭҮК-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Х.Мөнхзул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, мэргэжилтнүүдэд тус хяналт, үнэлгээний дүнг эхний байдлаар танилцуулж, тэдний санал, зөвлөмжийг авч тусгах хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Цаашид Комиссоос тус хяналт, үнэлгээний үр дүнг авч хэрэгжүүлэх арга хэмжээ зөвлөмжийн хамт Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнах юм.