• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад тус байгууллагыг төлөөлөн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Нийгмийн бодлогын хорооны зөвлөх Д.Амараа, Нийгмийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга Э.Халиун нар оролцов.

Уулзалтын үеэр Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн төлөөлөл Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хилийн чанадад буй Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал хүнд болсон, мөн хилийн чанадад эрх зөрчигдсөн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, ял эдэлж буй иргэд түүний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн ялын хугацааны талыг эх оронд нь эдлүүлэх боломжийг эрэлхийлэх зэрэгт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах боломжтой эсэх талаар ярилцлаа.

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан хилийн чанадад буй иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийн зөрчлийг талсан зогсоох, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлд Комиссын, ялангуяа Ковид-19 цар тахлын үед тухайлан авсан арга хэмжээний талаар тэмдэглэж, Гадаад харилцааны сайдтай хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн үйл ажиллагааны хяналтад Комиссын төлөөллийг оролцуулах, ГХЯ, Монголын Хуульчдын Холбоо, Өмгөөлөгчдийн Холбоог оролцуулан олон талт талбар бий болгож хилийн чанад дахь ижил төстэй байгууллага, холбоодтой хамтран ажиллах талаар санал солилцож байгаа талаар дурав.

Мөн Комисс болон Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх талбар бий болгох, ГХЯ-ны дэргэдэх Хилийн чанадад буй иргэдийг дэмжих сангийн комиссын үйл ажиллагаанд ХЭҮК-ын оролцоог нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах, Хилийн чанадад ял эдэлж буй Монгол эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн асуудалд судалгаа хийж, мэдээлэл солилцох чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах боломжийг судлахаар тохиролцлоо.