• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хүний эрхийн асуудлаар ярилцлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хөндөгдөж буй хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах чиглэлээр ХЭҮК-ын гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай 2021 оны 2 дугаар сарын 26-нд уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан ХЭҮК-ын чиг үүрэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хүний эрхийн зөрчлийг арилгуулахад анхаарал хандуулахыг хүсэв. Тухайлбал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүүхэд хамгааллын төвүүд, 108 утасны үйлчилгээ, тусгаарлан ажиглах байрууд, Ахмад настны үндэсний төв, Хүүхдийн асрамжийн газар зэрэг байгууллагуудад хяналт шалгалт хийсэн өгөөд шалгалтаар илэрсэн хүний эрхийн зарим зөрчлийг арилгах санал, зөвлөмжийг ХЭҮК-ын гишүүд өгч байлаа.

0L6A0252.JPG

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тус яамны зүгээс хүний эрхийн асуудалд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих бодлого, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэж, тавих шалгуур, шийдвэрийг тодорхой болгох, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын гол тоон үзүүлэлтийг танилцууллаа. Тус салбарын зарим үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл болон зарим үйлчилгээг цахимжуулахдаа хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хууль бусаар ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарахыг ХЭҮК-ын зүгээс сануулав. Талууд улирал тутам хүний эрхийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, хүүхэд хамгаалал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хүний эрхийн асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо.

Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ХНХЯ-ыг төлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нар оролцлоо.