• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хожимдоогүй” хэлэлцүүлэгт оролцлоо

"Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор баталжээ. Тус тогтоолын дагуу "Глоб интернэшнл төв”, Нээлттэй нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан "Хожимдоогүй" хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд учирдаг бэрхшээлүүдийг тусган харуулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн "Хожимдоогүй” тавилтат уншлагыг оролцогчдод үзүүлж, ийм бэрхшээл үүссэн тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгүүлчид, цагдаа, прокурор, өмгөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комисс, Сэтгүүлчдийн эрхийг хамгаалагч төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт үйлдлүүдийн талаарх бодит жишээ баримтуудын талаар дүгнэн хэлэлцсэний зэрэгцээ сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж мэдээлэх, халдлагыг нийтээр буруушаах, халдлага үйлдсэн тохиолдол бүрийг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг бүх шатанд авч, сэтгүүлчид ажил үүргээ бие даан хөндлөнгийн оролцоо хяналтгүйгээр гүйцэтгэх, аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан байна. ЮНЕСКО-гийн бүртгэснээр, сүүлийн 10 жилд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж, мэдээлэл түгээснийх нь төлөө 827 сэтгүүлчийн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Монгол улсад зөвхөн 2015 онд л гэхэд сэтгүүлч учир битүүлгээр амь насаа алдсан 1, сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулж хорьсон 12, сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн 12, бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан 5, ажлын багаж хэрэгсэлд халдсан 17, нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан 10, нийтлэл нэвтрүүлгийг нь хориглохыг завдсан 11 тохиолдол гарсныг Глоб Интернэшнл ТББ бүртгэсэн байна.