• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Тайланд Улсын Бангкок хотноо болсон Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Ази, Номхон далайн бүсийн чуулган, Германы Хүний эрхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан "Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт 2017 оны 1 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд оролцлоо. Тус семинарт АНБДЧ-ны гишүүн Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд болох Бангладеш, Энэтхэг, Малайз, Монгол, Мьянмар, Пакистан, Филиппин, Тайланд улсын 11 төлөөлөгч оролцож, хувцас үйлдвэрлэлийн салбар дахь хүний эрхийн тулгамдсан асуудлууд, улс орнуудын хувцас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, сайн туршлагыг солилцжээ. Мөн бизнес ба хүний эрхийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцож, дүгнэлт гаргажээ. Хувцас үйлдвэрлэлийн салбар дахь хүний эрхийн тулгамдсан асуудлууд болох албадан хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн ажлын байрны бэлгийн дарамт, цагаач ажилчдыг ялгаварлан гадуурхах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс олгох, ажлын цагийн хэт их ачаалал, нийгмийн хамгааллын системийн дутагдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчил зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс орнууд, үйлдвэрлэгчид, худалдан авагчид болон Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд зэрэг олон талууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ.