Олон
улсын хамтын нийгэмлэгээс хүний эрхийг хангаж, хамгаалахад боловсрол
чухал үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, "Хүний эрхийн боловсролын НҮБ-ын 10
жил” (1995-2004), "Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр” (2004),
"Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал” (2011) зэрэг
бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Эдгээр
бодлогын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн
боловсролыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж, эрх зүйн боловсрол
олгож буй хууль зүйн их, дээд сургуулиудад зориулан хүний эрхийн
хичээлийн загвар хөтөлбөр боловсруулж, зарим сургуулиудад туршиж байсан
билээ. Комисс 2012-2014 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөндөө "Бүх
нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх”,
"Албан боловсролын тогтолцоогоор олгож буй хүний эрхийн боловсролын
чанар, үр нөлөөг дээшлүүлэх” зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү
зорилтыг хангахын тулд албан боловсролын тогтолцоонд хүний эрхийн
боловсрол олгож буй үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх, энэ талаар
холбогдох талуудын байр суурь, ололт амжилт, хамтын ажиллагааг
тодорхойлох, нэгтгэн дүгнэх, цаашид сайжруулах талаар нэгдмэл ойлголтод
хүрэх шаардлагатай байна. Иймд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хүний эрхийн
хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд
эрх зүйч бэлтгэж буй их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт "Хүний
эрх” хичээл тусгагдсан эсэх, уг хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээг
харьцуулан судлах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран
гүйцэтгэв.