2016 оны 3 дугаар
сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад хэргийн яам, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгээс
хамтран Гадаад хэргийн яамны "Их Номин” танхимд "Эрүү шүүлтээс урьдчилан
сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг
зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын
дарга, гишүүд, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Улсын Ерөнхий Прокурорын
газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын Ерөнхий Газар, Эрүү шүүлтээс урьдчилан
сэргийлэх нийгэмлэг болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн
бус байгууллагуудын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо.
"Эрүүдэн шүүх
болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол”-д Монгол Улс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн
орж, соёрхон баталсан билээ.
Конвенцийг
соёрхон баталсан гишүүн орон нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний бие
даасан байгууллагыг нэг жилийн дотор байгуулж,
эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хоригдож байгаа газарт эрүүдэн шүүх болон
бусад хэрцгий хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт тавих
тогтолцоог бий болгох үүргийг олон улсын өмнө хүлээдэг юм.
Эрүүдэн шүүх
болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын 17 дугаар зүйлд "Энэхүү
протокол хүчин төгөлдөр болсноос, эсхүл түүнийг соёрхон баталснаас эсхүл түүнд
нэгдэж орсноос хойш нэг жилийн дотор оролцогч улс бүр дотоодын үндэсний түвшинд
эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх эсхүл хэд хэдэн байгууллагыг хэвээр ажиллуулах,
томилох эсхүл байгуулна...” гэж заасан боловч Монгол Улсад өнөөдрийг хүртэл
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулагдаагүй бөгөөд чиг
үүргийг нь ХЭҮК-т нэгтгэх ажил одоо яригдаж байгаа юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн
Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн менежер хатагтай Шазира
Завави "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг Хүний эрхийн
Үндэсний байгууллага хэрэгжүүлэхэд гарах давуу тал ба шийдвэрлэх асуудал”, Хүний
эрхийн Үндэсний байгууллагууд хариуцсан зөвлөх Бен Бүклэнд "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын олон улсын
болон ХЭҮБ-уудын туршлага”, Хүний
эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний
байгууллагын ач холбогдол, үүрэг, хариуцлага” сэдвээр илтгэл тавьж нээлттэй
хэлэлцүүлэг өрнүүллээ.