• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулгантай дээд хэмжээний танилцах уулзалт зохион байгуулав

ХЭҮК Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган (АНДЧ)-тай 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дээд хэмжээний танилцах уулзалт зохион байгуулж, Комиссын шинэчлэгдсэн хууль эрх зүйн орчин, бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэг, тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн цаашид хүний эрх хамгаалагч, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт боловсруулах чиглэлээр хамтран ажиллах асуудлыг ярилцсан юм.

АНДЧ нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНДЧ-ны бүрэн эрхэт гишүүн бөгөөд тус Чуулганы 10 дугаар хурлыг 2005 онд, 20 дугаар хурлыг 2015 онд эх орондоо зохион байгуулж байсан юм.

Уулзалтад Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг төлөөлж Хэрэг эрхлэх газрын Чадавхийн үнэлгээ, олон улсын оролцоо хариуцсан зөвлөх Хатагтай Пип Дарган, зөвлөх Хатагтай Рослин Нүүнан, Хууль эрх зүй, бодлогын менежер Ноён Филлип Вардл, Жендэр ба Номхон далайн хөтөлбөрийн менежер Хатагтай Фасоха Айшат нар оролцлоо.

ХЭҮК-ыг төлөөлж Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа нар болон Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга З.Өнөржаргал, олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт Э.Цэнгэл нар оролцлоо.