• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН ГИШҮҮД ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд болж байна. Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцэн, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

Энэхүү чуулганд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан оролцож “Шударга шүүхээр шүүлгэх эрх, цахим шилжилт, ухаалаг шүүх” илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тэрбээр “Шударга шүүх нь хараат бус, бие даасан байхаас гадна үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хүрэлцээтэй байх шаардлагатай. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь аль болох богино хугацаанд хэргээ хянан шийдвэрлүүлэх эрх байдаг. Тэгвэл шударга ёс тогтоох ажиллагаа үндэслэлгүйгээр удаан хугацаанд үргэлжилэх нь шударга ёсыг үгүйсгэж буй хэрэг юм. Энэ нь зөвхөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганаас бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас хамаардаг гэдгийг зөвлөгөөнд оролцогчид дор бүрнээ анхаарахыг хүсч байна. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, хохирогчийн эрх зүйн байдлыг сэргээх, хохирлыг барагдуулснаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх бүрэн дүүрэн хангагдсан гэж үзэх бөгөөд шүүх, хууль сахиулах байгууллагуудад иргэдийн итгэх итгэл нэмэгдэж, шударга ёс бодитоор тогтож чадна” гэдгийг онцоллоо.

5.PNG

Салбар хуралдааны панелистээр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид оролцож "Хууль бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага" сэдвийн хүрээнд хуульч бэлтгэх сургалтад "хүний эрх" хичээлийг нэгдүгээр курсэд заавал үзэх хичээл болгон хөтөлбөрт оруулах, эрхзүйчийн дадлага хийх хоёр жилийн хугацааг хөтөлбөртэй болгох, шүүх, прокурор, захиргааны байгууллага, өмгөөллөөр өртөөлөн дадлага хийх хугацаа тогтоохын зэрэгцээ практик сургалтын хөтөлбөртэй болох асуудлыг хөндөв. Мөн хуульчийн сахилга хариуцлагын тухайд сахилгын хороо, мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн салбарын албан хаагчдаас гадна хөндлөнгийн төлөөлөл оруулдаг жишиг сайн жишиг, Авлигтай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээ, эрх зүйт ёсны индекс үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээнд нэрлэсэн хуульчийн ёс зүй, хариуцлагын байдалд хариу арга хэмжээ авах нь зүйтэй талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

2.PNG

Төгсгөлд нь чуулганаар хэлэлцсэн санал, дүгнэлтүүдийг нэгтгэн зөвлөмж гаргах юм байна. Үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид болон шүүх, прокурор, ШЕЗ, АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХЭҮК, ГИХГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл оролцож байна.