• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг: Эрүү шүүлтийн асуудал 10 жилийн өмнөхөөс эрс буурсан

Өнөөдөр хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр. Монгол Улсын хувьд энэ жил НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсон амжилтаар энэ өдрийг угтаж байна. Энэ өдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа. -Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ер нь ингэж сонгогдсоноор Монгол Улсад ямар ач холбогдол, үүрэг хариуцлага ирж байгаа бол? -НҮБ-ын хүний эрхийн зөвлөл бол Аюулгүйн зөвлөлийн дараа ордог, хоёр дахь том байгууллага. Энэ том байгууллагын гишүүн болохын төлөө олон улс зүтгэдэг. Тиймээс Монгол Улс энэ олон улсын өмнө орж, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоно гэдэг нэгдүгээрт нэр төрийн асуудал. Хоёрдугаарт, нэр төрийг дагаад асар их үүрэг, хариуцлага ирж байна. Бид нэгэнт бусад орноос хүний эрхийн чиглэл, үйл ажиллагаагаар тэргүүлж сонгогдсон учраас энэ түвшнээ хадгалах, бүр ахиулах ёстой. Ахисан үзүүлэлтээ Монгол Улс бодитой жишээгээр, биежүүлж харуулах хэрэгтэй. Жишээ нь 1992 оны Ардчилсан үндсэн хуулиар хүний эрхийн асуудлыг баталгаажуулсан байдаг. Ингээд есөн жилийн дараа ХЭҮК-оо байгуулсан. Үүнээс хойш 20 жил гаруйн хугацаанд хүний эрхийн асуудал Монгол Улсад маргаан дагуулсан хэвээр л байна. Хатуухан хэлэхэд, сүүлийн үед толгойтой болгон хүний эрхийн талаар ярьж байна. Тэгсэн мөртөө тэдний гаргасан шийдвэрүүдэд хүний эрхийн төлөө тэмцэх үйл ажиллагааг дэмжсэн зүйл ховор байдаг. Хүний эрхийн төлөө гэсэн шийдвэр гарахгүй байгааг ганцхан би хэлээд байгаа юм биш. НҮБ-аас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж дээр хүртэл энэ талаар дурдсан. 2015 оны аравдугаар сард НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн ихэнх хэсэг нь ХЭҮК-ын чадавхыг дээшлүүлэх талаар дурдсан байдаг. ХЭҮК-ын чадавхыг дээшлүүлэх, санхүү төсвийг Засгийн газраас хараат бус байлгах зэргийг зөвлөмжид тусгасан. Гэтэл ХЭҮК-ын энэ оны төсвийг 700 сая төгрөгөөр баталсан. Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн төлөө тэмцэж, ажилладаг энэ байгууллага 700 сая төгрөгөөр юу хийх вэ. Энэ мэтчилэн бид мөнгө, санхүүгийн хувьд дутагдалтай байдаг ч хүний эрхийн төлөө бүх л чадлаараа тэмцэж, ажиллаж байна. Хэдий тийм ч энэ асуудалд төр өөрөө мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Гэтэл төр засаг энэ удаад хүний эрхийн мэдрэмжгүй төсөв оруулж баталлаа. Уг нь Монгол Улс хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсон гэдэг утгаараа олон улсын хараанд орсон."Монгол Улс хүний эрхийн асуудалд хэрхэн анхаарал хандуулдаг, хараат бус ажиллаж чадаж байна уу” гэдгийг олон улс анхаарч байгаа шүү дээ. Үүнийг уг нь мэдрэх хэрэгтэй байсан юм. -НҮБ-аас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжөөс онцлон дурдах ямар үр дүн байна вэ? -НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн тайланг хүлээж аваад 164 зөвлөмж өгсөн. Үүнээс Монголын Засгийн газар 13 зөвлөмжийг нь хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь тухайн зөвлөмжид дурдсан ажлыг Монгол Улс хийж, хэрэгжүүлж байгаа Ингээд 150 зөвлөмжийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ зөвлөмжийн нэг хэсэг нь ХЭҮК-той холбоотой. Нөгөө хэсэг нь эрүү шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрхзүйн орчин, бэлгийн ижил чиг баримжаатай хүний эрхийн асуудлыг хууль эрхзүйн орчныг тодорхой болгох чиглэлээр ирүүлсэн. -Эрүү шүүлтийн талаар зөвлөмж ирүүлсэн гэж байна. Сүүлийн үед эрүү шүүлт Монгол Улсад нэмэгдсэн гэх мэдээлэл явах болсон. Энэ ямар учиртай юм бэ? -Нэмэгдсэн гэдэг нь мэдээллийн зөрүүтэй ойлголт юм. Жишээ нь ХЭҮК-т ирж буй өргөдлийн ихэнх хувь нь эрүү шүүлттэй холбоотой байдаг. Гэтэл энэ өргөдөл, гомдлыг шалгахаар ихэнх хувь нь эрүү шүүлтийн асуудал биш, эсвэл шалгагдсан, худлаа мэдүүлэг, мэдээлэл өгсөн байдаг. Мэдээж Монгол Улсын эрүү шүүлттэй холбоотой үйлдэл 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс буурсан. Өнөөдөр өрөөндөө сэжигтэнд гав зүүлгэж байгаад зоддог цагдаагийн алба хаагч байхгүй болсон. Сэжигтнийг камерт суулгаж байгаад зодож, нүддэг хянагч байхгүй болсон. Тэгэхээр эрүү шүүлттэй холбоотой гомдол нэмэгдсэн гэдгийг хоёр талтайгаар ойлгох хэрэгтэй байгаа юм. -Бие махбодийн эрүү шүүлт гэдэг нь тодорхой. Харин сэтгэл санааны эрүү шүүлтийг илрүүлэхэд хүндрэлтэй гэдэг. Энэ талаар гомдол хэр ирдэг вэ? -Тийм. Сэтгэл санааны эрүү шүүлтийг илрүүлэхэд хэцүү. Доромжилно, айлган сүрдүүлнэ гэх мэтээр гарт баригддаггүй, тухайн хоёр хүний хооронд болж буй явдал. Тэгэхээр сэтгэл санааны эрүү шүүлтийг тодорхойлоход хүндрэлтэй. Нарийн сэтгэл зүйч, эмнэлгийнхэн оролцож тухайн асуудлыг тогтооно. Ингээд баримтжуулахдаа дэлхий нийтэд мөрддөг Истамбулын протоколын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Манайд ирдэг өргөдлийн хувьд хилсдүүлж хэрэг тулгасан, хорьсон, мэдүүлэг авсан гэдэг гомдол их байдаг. Зарим өргөдлийг шалгахад тэр бүр тогтоогддоггүй. -Сүүлийн үед хүний эрхтэй холбоотойгоор хөндөгдөж бас нэг асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл жил ирэх бүр нэмэгдсэн дүр зураг харагдаж байна? -Нэн тэргүүнд хүүхэд хүчирхийлэлгүй, тайван орчинд өсөж, хүмүүжих ёстой. Ингэж байж тухайн хүний эрх нь хангагдана. Гэтэл энэ асуудалд одоог хүртэл эрхзүйн зохицуулалт, хариуцлага дутмаг байна. Төр засаг нь "Та нар л гэр бүлийн асуудлыг хариуцах ёстой” гээд хэдэн төрийн бус байгууллагын нуруун дээр энэ ачааг өгчихдөг. Тэр газрууддаа мөнгө өгдөг ч юм уу, үгүй  ч юм уу. Гэтэл наад зах нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгаалах байранд тэр бүр очиж чадахгүй байгаа. Яагаад би үүнийг яриад байна вэ гэхээр байр, төсөв, дэмжлэг аль аль нь байхгүй. Ийм нөхцөлд гэр бүлийн хүчирхийллийн асуудалд төрийн бус байгууллага л яваад байна. Гэтэл иймэрхүү байдалтай байвал нөгөө хариуцсан байгууллагын үйл ажиллагаа ч хүндээ яаж хүрэх вэ дээ. Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийллийн асуудалд олон зүйл холбогдоно. Тэгэхээр энэ асуудалд бодлого, эрхзүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй.  Шүүх, хуулийн байгууллага нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шүүхийн практикт оруулж хэрэглэж чадахгүй байна. Нэг хэсэг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирэхэд "Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд цагдаа нар хүртэл орхидог байсан. Тэгвэл өнөөдөр ийм байдлыг өөрчилж чадсан. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дуудлага өгөхөд түүнээс хойш суудаг цагдаа өнөөдөр байхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ цаашид энэ асуудалд төр анхаарлаа ихээхэн хандуулах шаардлагатай. Гол нь байг нь зөв олж, чиглүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш уриа лоозонгийн шинжтэй зүйлийг хэдий болтол ярих юм бэ. Одоо бол уриа хангалттай. Ажил л хийх хэрэгтэй байна. Б.ЗАЯА