• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Х.МӨНХЗУЛ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ё.H-ээс ирүүлсэн “...ХУД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэцэцэг нь тус хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлын байранд ялгаварлан гадуурхах, ажилтныг хэл үгээр доромжилж, биед нь халдах Нийслэлийн ГБХЗХ-ийн газар, дүүргийн Засаг дарга удирдлагуудад худал мэдээлэл өгөх зэрэг ажлын байранд дарамт үзүүлж бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа” тухай гомдлыг Комисст гаргасан.

Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийг судлахад Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдах албан тушаалтнууд ажилтан, албан хаагчдаа дарамтлах, хэн нэгэнд давуу байдал бий болгох, нам бусаар ялгаварлан гадуурхах, албан хаагч, ажилтнуудын хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих зэргээр хууль бус үйлдлийг удаа дараа гаргасаар байна.

Цаашид энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Нийслэлийн ГБХЗХ-ийн газрын дарга Ө.Ган-Өлзийд шаардлага хүргүүллээ.

  1. Хүүхэд, залуучуудын эрхийг хангаж, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд цаашид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулахдаа хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, холбогдох сургалтад хамрагдсан, хүний эрхийг дээдлэн ажиллах шалгуур, шаардлагыг тавьж томилох, мөн энэ шалгуурыг албан тушаалын тодорхойлолтод тусгах, мэргэжил арга зүйгээр хангахад анхаарч ажиллах;
  2. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь цаашид хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргээ чанд сахиж, энэ талаар харьяа салбар хэлтэс, албадуудын албан хаагч, ажилтнуудад үүрэг чиглэл өгч, хүний эрхийн талаарх дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг идэвхтэй, үр дүнтэй явуулах;
  3. Дүүргийн харьяа хэлтсийн үйл ажиллагаа, удирдах албан тушаалтан, албан хаагч, ажилтнууд ажлын байранд дарамт, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх зэрэг хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах;
  4. Гомдол мэдээллийн дагуу зөрчил гаргасан албан тушаалтны буруутай үйл ажиллагааг хянан шалгах, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авахдаа нам, улс төр болон бусад хууль бус нөлөөнд автахгүй байх. Дээрх шаардлагын хариуг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор ирүүлнэ.