• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь дэргэдээ Орон тооны бус зөвлөлийг 2006 оноос хойш тасралтгүй ажиллуулж байна. Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл нь хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг.  Тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал бүтэц юм. Одоогийн байдлаар тус зөвлөлд 21 байгууллагын төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд улирал тутамд Комиссын удирдлагуудтай уулзаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй үйл ажиллагаатай танилцан санал солилцож, хамтран үйл ажиллагаа зохион байгуулдаг.   Энэ удаагийн уулзалтыг 2012 оны 10 дугаар сарын 31-нд зохион байгуулж, ХЭҮК-ын 2012 оны 3 дугаар улирлын тайлан, "Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаанаас Хүний эрхэд үзүүлэх нөлөө”,  "Хүний эрх ба хүнд суртал-нийгмийн халамжийн салбар дахь төрийн үйлчилгээ”, "Монгол Улс дахь бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт” зэрэг судалгаатай танилцаж, хэлэлцүүлж, судалгааны үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав. Орон тооны бус зөвлөл ээлжит  уулзалт ирэх 12 дугаар сард болно.