• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ

ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий хоригдогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Комиссын зүгээс төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд /2011.10.13/ ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд биечлэн очиж уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ үеэр тус ангид хоригдож буй иргэн Э.Одбаяр, Б.Монголхүү нартай уулзаж нөхцөл байдалтай нь танилцсаны үндсэн дээр ямар ч тохиолдолд амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөжээ. Тэрээр тус ангийн удирдлагтай уулзаж биеийн байдлыг нь тодруулахад “Э.Одбаяр нь хоригдсоныхоо маргааш буюу 10 дугаар сарын 06-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлт гаргасан. Түүний биеийн байдлыг үзэхэд шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан тул, шууд өлсгөлөн зарлавал биед нь сөрөг нөлөөтэйг танилцуулахад өмгөөлөгчтэйгөө ярилцсаны дараа өлсгөлөн зарлах эсэхэээ шийдье гэсэн хариу өгч хүсэлтээ буцаан авсан. Хоригдогч Э.Одбаяр дахин хүсэлт гаргаснаар 10 сарын 11-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлах хууль, журмын дагуу албан ёсны бүртгэлд оруулж эмнэлгийн хяналтад авсан. Одоогоор түүний биеийн байдал, хэвийн байна гэсэн тайлбарыг өгсөн байна.

Монгол хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. ХЭҮК-ын зүгээс хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, тэдний үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тууштай дэмжин ажиллах болно.

Жич: Нийгэмд үүссэн олны анхаарлын төвд байгаа No double standart хөдөлгөөн, Тавантолгой нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын эрх зөрчигдөж буй болоод бусад асуудлуудад Комиссын зүгээс анхааралтай ажиглалт хийн, хяналт тавин ажиллаж байна.