• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДСӨН БҮТЭЭЛҮҮДИЙН ШИЛДГИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн олон улсын өдрийг /12 дугаар сарын 10-ны өдөр/ жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, улмаар Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа онцлог жил.

Энэ хүрээнд хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг хөндөж, арга зам, шийдлийг эрэлхийлсэн, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн шилдэг бүтээлийн уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сэтгүүлчдийн дунд 4 төрөлд зарласны дагуу нийт 44 бүтээл ирснээс шилдэгийг нь шалгаруулж 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шагналыг гардууллаа.

GOGO0992.jpg

Шилдэг видео: “Сэтгүүлчийн эмзэглэл” баримтат нэвтрүүлгээр чөлөөт уран бүтээлч, сэтгүүлч С.Батхишиг;

Шилдэг нийтлэл “Угаарын хийнээс үүдэлтэй тортогжилт, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал” асуудал хөндсөн цуврал сурвалжлагаар GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа;

Шилдэг аудио: “Хүний эрх ба жорлон” нэвтрүүлгээр Дэлхийн Монголчуудын WWW.MGLRADIO 88.3 радиогийн сэтгүүлч, редактор Г.Ариунчулуун;

Мөн тусгай байрт Ийгл телевизийн сэтгүүлч Г.Одгарав, Б.Амарбаян, www.ergelt.mn сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам, www.gogo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал, www.mpa.mn сайтын зурагчин Д.Занданбат нарын бүтээл багтсан байна.

GOGO0993.jpg

Энэхүү уралдааны шүүгчээр ХЭҮК-ын гишүүн Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа, Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, профессор Ж.Батбаатар, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн доктор. проф.Т.Өнөрсайхан, mpress сайтын ерөнхий редактор, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гишүүн О.Ариунбилэг нар ажиллаж, шилдэгүүдэд шагналыг гардуулж баяр хүргэсэн юм. Уралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 05-ны 18:00 цаг хүртэл хугацаанд зарлан, бүтээлүүдийг хүлээн авсан.

GOGO1017.jpg

Шилдэг нийтлэл төрөлд: GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа "Хүний эрх бол зөвхөн тэмдэглэлт ойн өдөрт нь зориулж хөндөж бичихээр эгэл сэдэв биш. Бидний алхам тутамдаа анзаарч, сэхээрч, услан тордож байх ёстой амин чухал зүйл юм. Ялангуяа иргэдийн нүд, чих болдог сэтгүүлзүйн салбарынхан энэ сэдэвт соргог хандах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны оршин суугчид манай редакцад хандсаны дагуу бид асуудал хөндсөн цуврал сурвалжилгыг бэлтгэсэн. Хөл хорионы үед сурвалжилгаа бэлтгэсэн учраас тодорхой хүндрэлтэй нүүр тулж байлаа. Гэхдээ сурвалжилгын үр дүн гарч, асуудал олны анхааралд өртсөн. Улмаар бусад төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ асуудлыг мэдээлж байв. Тэр үед сэтгүүлзүй ийм хүчтэй салбар шүү дээ гэж бодоод баярлаж байсан. Сэтгүүлч бүтээлээ ганцхан өөрийн гар, тархиар бүтээдэггүй. Үүнд редакцийн дэмжлэг, хамт олны туслалцаа чухал үүрэгтэй. Зураглаач, зурагчинтайгаа хамтарч ажиллаж тухайн сэдвийг тултал илэрхийлэхийн тулд багийн ажиллагааг шаарддаг. Цаашид ч хүний эрхийн сэдвээр асуудал дэвшүүлсэн олон нийтлэл, сурвалжилгыг уншигчдадаа хүргэхийг хүсэж байна" гэлээ.

GOGO1008.jpg

Шилдэг видео төрөлд: Чөлөөт сэтгүүлч С.Батхишиг "Би 2006 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ажиллаж байна. Тэр дундаа энэ удаад сургуульд сурах эрх нь зөрчигдөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэдний бодит байгаа байдлыг, хэрэв сургуульд сурвал тэдний ирээдүйд ямар сайхан боломжууд бий болдгийг гаргахыг хичээсэн. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмнэлгээр явуулсаар байгаад сурч боловсрох боломж, баяр хөөрийг нь алдагдуулдаг гэдгийг энгийнээр харуулахыг зорьсон. Хүмүүстэй ярилцаж, тэднийг зөвшөөрүүлэхэд багагүй ур чадвар, цаг хугацаа шаардаж байлаа" гэсэн юм.

GOGO1030.jpg

Шилдэг аудио төрөлд: ФМ 88.3-ын сэтгүүлч, редактор Г.Ариунчулуун "Бид мэргэжлийн сэтгүүлзүйн уралдаанд оролцохыг эрмэлздэг. Бид өглөө бүр дэлхийн тэмдэглэлт өдрүүдийн талаарх мэдээллийг сонсогчдодоо хүргэдэг. Хүний эрхийг жорлонтой холбох нь хүний үндсэн эрхээс гадна ялгаварлан гадуурхалтын нэг жишээ болж байгаа юм. Байнга яригддаг сэдвээс аль болох зайлсхийж хүмүүсийн тэр бүр анзаардаггүй сэдэв рүү хандуулахыг зорилоо. Өнөө цагт зарим нь бараг алтан жорлонтой байхад нөгөө хэсэг нь юу ашиглаж байгаа билээ дээ. Бидний суурь хэрэгцээ маань хангагдаагүй байхад дээгүүрээ маш том зүйл ярьж, төсөв цаг хугацааг тарамдаад байгааг илэрхийлсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгаа хүүхэд 00-д унах гээд байгааг ярихгүй байж бид том зүйл ярих хэрэггүй юм" гэлээ.