2016
оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Хүний
эрхийн дэд хорооны "Хүний эрхийн үндэсний байгууллагын
төлөвшил-15 жил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хүний
эрхийн дэд хорооны дарга
Л.Болд удирдан явуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга
Д.Ганбат, Хүний
эрхийн дэд хорооны гишүүд Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга
Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар болон Засгийн газрын яамд болон
Хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөллүүд оролцов.
Хүний
эрхийн дэд хорооны хэлэлцүүлгийн эхэнд ХЭҮК-ын дарга
Ж.Бямбадорж ХЭҮК-ын үйл ажиллагааны талаар товч
мэдээлэл танилцууллаа. Тэрээр мэдээлэлдээ Хүний эрхийн төлөв байдлын илтгэлүүдэд
тусгасан санал зөвлөмж, ХЭҮК болон иргэний нийгмийн байгууллагын хамтын
ажиллагааны талаар дурдаж, эцэст нь хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх
зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Үүний дараагаар Хүний эрхийн дэд
хорооны гишүүдийн зүгээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай болон Хүүхдийн эрхийн
тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдаж хүний эрх, эрх чөлөөг хангах,
баталгаажуулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа талаар
мэдээлэл өгөв.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн ТББ-уудын
форумын төлөөлөгчид ИНБ-ын ажилтан, байгаль хамгаалагч, сэтгүүлчид зэрэг хүний
эрхийг хамгаалагчдыг хамгаалах, үйл ажиллагаагаа дарамт шахалтгүй явуулах
нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тусгайлсан хууль боловсруулж батлуулах, хүний
эрхийг хамгаалагчдын амь нас эрсдсэн тодорхой тохиолдуудад Хүний эрхийн дэд
хороо болон холбогдох байгууллагууд анхаарал хандуулж,
шударгаар, үнэн зөв шийдвэрлүүлэхэд хяналт тавьж ажиллах санал дэвшүүллээ.
Мөн Хүний эрхийн ээлжит дүгнэлт
хэлэлцүүлгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгө боловсруулах,
бизнесийн салбарт хүний эрхийг хангах, ялангуяа хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн
хүчирхийллээс хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх
зөрчсөн хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг
тодорхойлох зэрэг асуудлаар төр, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний
нийгмийн байгууллагууд хамтран ажиллах талаар тодорхой саналууд дэвшүүлж
хэлэлцэв.