• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ТУСГАЙ ИЛТГЭГЧ ХАТАГТАЙ РЕМ АЛСАЛЕМЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаварын асуудал хариуцсан тусгай илтгэгч хатагтай Рем Алсалемийг хүлээн авч уулзаж, Комиссын чиг үүрэг болоод хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцаж санал солилцлоо.

Энэхүү уулзалтад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Хүний эрх хариуцсан мэргэжилтэн хатагтай Рената Претурлан нар оролцлоо.

Рем Алсалем нь 2000 оноос хойш Монгол Улсад албан ёсоор ажиллаж буй 10 дахь НҮБ-ын тусгай илтгэгч бөгөөд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ажиллаж байгаа анхных юм.

IMG_0662-3.jpg

Уулзалтын үеэр Комиссын зүгээс охид, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Комисс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуульд заасны дагуу уг хуулийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэлийг хоёр жил тутам бэлтгэн Улсын Их Хуралд өргөн барьдаг бөгөөд 2022 онд ээлжит илтгэлээ өргөн барих юм.

Тусгай илтгэгч хатагтай Рем Алсалем нь Монгол Улсад 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийн түр орогнох байр, нэг цэгийн үйлчилгээний төв, саатуулах байранд байрлаж буй хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдтэй уулзаж, ажилласан тайлангынхаа талаарх урьдчилсан дүгнэлтээ танилцуулна.