• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

 Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Өглөөний уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК-ын ажилтнуудын төлөөлөл 20 гаруй хүн оролцов. Уулзалтын зочноор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа оролцож "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, 2016 онд хийхээр төлөвлөсөн 8 зорилтоо танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж өргөн барьсныг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зориулж 500 сая төгрөгийг орон нутгийн төсөвт суулгаж өгчээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 онд "Гэр бүлийн өдөр”, "Хөгжлийн харандаа экспо”, "Сэтгэлийн үндэс”, "108х152” зэрэг 8 төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаар Я.Байгалмаа дарга танилцууллаа. Танилцуулга мэдээллийн дараа иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд түүнээс хүүхдийн эрхийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлуудын талаар асуулт асууж, харилцан санал солилцлоо.