• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн төлөө-Сэтгүүлчид” клубын уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс нь сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хэвлэн нийтлүүлэх үйл ажиллагааг хүний эрхэд мэдрэмжтэй болгох, сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх зорилгоор "Хүний эрхийн төлөө-Сэтгүүлчид” клубыг байгуулан 2012 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. Тус клубын 2017 оны анхны уулзалт 2 дугаар сарын 7-ны өдөр Комиссын байранд боллоо. Уулзалтад Комиссын дарга Ж.Бямбадорж, Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, клубын гишүүн 27 сэтгүүлч, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн мэргэжилтэн Ц.Тансагмаа, Ө.Батсайхан, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа нар оролцлоо. Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, хүний эрхийг хангах, хамгаалахад сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг, Хүний эрхийн хамгаалагчдын эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар болон Комиссын зүгээс 2017 онд клубын гишүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл хийлээ. Мөн "Хүний эрхийн төлөө-Сэтгүүлчид” клубыг дэмжин ажиллаж буй ШХА-ийн "Тогтвортой бичил уурхай” төслийн мэргэжилтнүүд "Монголын бичил уурхайн мэдлэгийн төв, түүний үйл ажиллагаа”, "Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээ, түүнийг албажуулах нь, шударга олборлолтын стандарт”, "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны танилцуулга” зэрэг мэдээллийг хийж хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.