• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн цахим номын сангийн программыг шинэчиллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дэргэдээ 3500 гаруй ном, хэвлэлийн фонд бүхий номын сантай билээ. Тус номыг санг 2011 оноос эхлэн цахим хэлбэрт шилжүүлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр үйлчилж байна. Хүний эрхийн цахим номын санг ажиллуулах болсноор дэлхийн хаанаас ч, хүссэн цагтаа үйлчлүүлэх боломж нээгдсэнд уншигчид талархан хүлээн авч байна.
Цахим номын санд манай байгууллагаас хэвлүүлсэн бүх ном, гарын авлагууд,  бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд, хүний эрхийн чиглэлийн ном, товхимлыг байршуулж байна. Манай цахим номын санд англи хэлээр 553 төрлийн 934 ном, сурах бичиг байна. Уншигч, хэрэглэгчид дөхөм болгох үүднээс цахим номын сангийн хайлтын электрон каталогийг ажиллуулж эхлээд байна. Lib4U номын сангийн программд суурилсан тус каталог нь монгол хэлээр бичигдсэн тул хүн бүр хэрэглэх боломжтой, хайж буй номоо олох илүү хялбаршуулсан хувилбар юм. Хүний эрхийн цахим номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигч Та Хүний эрхийн Үндэсний Комиссын www.mn-nhrc.org цахим хуудаст хандана уу.