• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комисс зөвлөмж хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос МАХН-ын байранд өлсгөлөн зарлаж буй эхчүүдэд 2013 оны 1 дүгээр сарын 16-нд Комиссын даргын гарын үсэг бүхий Зөвлөмжийг хүргүүлэв. Уг зөвлөмжид "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах Зөвлөмжийг өгч байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн тодорхой ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс тус эрхээ эдлэхдээ та бүхэн аливаа шаардлага, эсэргүүцэл, хүсэл зоригоо илэрхийлэх арга хэлбэрээ аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй сонгох учиртай. Дэлхийн Анагаах ухааны Холбооны Өлсгөлөн зарлагчдын талаарх Малтийн Тунхаглалын удиртгал хэсэгт "удаан хугацаагаар хоолоо хорих нь амь насанд аюултай бөгөөд өлсгөлөн зарлагчид сэргээгдэшгүй хохирол, үр дагавар учруулах эрсдэлтэй учир эмч нарын ёс зүй, үнэт зүйлд зөрчил үүсгэдэг.” хэмээн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл өлсгөлөн зарлах нь хэдийгээр тухайн хүний эрхийн асуудал боловч та бүгдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн эмч нарын хувьд туйлын хүндрэлтэй байдлыг үүсгэдэг юм. Түүнчлэн та бүхний амь нас, эрүүл мэнд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд юугаар ч сольшгүй үнэт зүйл гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Тиймээс та бүхэн өөрсдийн эрүүл мэнд, амь насанд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл бүхий шийдвэрээ эргэн харж, өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөж байна" гэсэн юм.