• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, орчуулгын материал хүлээн авч байна

Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургал, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлийн түүхээс:

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газартай хамтран “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Хүний эрх” сэтгүүлийг 2002 онд эрхлэн гаргасан. Уг төсөл 2003 онд хэрэгжиж дуусаад түүнээс хойш “Хүний эрх” сэтгүүлийг Хүний эрхийн Үндэсний Комисс тасралтгүй эрхлэн гаргаж ирсэн. Тус сэтгүүл нь нийт 57 дугаарыг эрхлэн гаргаад байгаад бөгөөд 2018/2 дугаараас эхлэн олон улсын сэтгүүлийн ISSN дугаартай болоод байна.

ISSN дугаарыг авснаар олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэгдэж дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэж ашиглах, захиалах боломжтой болсон бөгөөд гадаадын их дээд сургуулиуд ISSN дугаартай хэвлэлд нийтлэгдсэн өгүүллийг эрдэм шинжилгээний чанартай гэж үзэж тооцон номын сандаа захиалан авдаг зэрэг ач холбогдолтой юм.

Хүний эрх сэтгүүл нь ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаартай болсон бөгөөд дэлхийн аль ч орны номын сангаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх сэтгүүлийг эрхлэн гаргадаг болохыг харах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Өнгөрсөн хугацаанд “Хүний эрх” сэтгүүл олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээн дэх хүний эрхийн бодлого, баримт бичгүүдийг олон нийтэд хүргэх, Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, арга зам, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрдэмтэн, судлаачид, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудын бичсэн онол, практикийн өгүүлэл, нийтлэл, танилцуулга, сурталчилгааны материалуудыг олон нийтэд хүргэн түгээхэд үйл ажиллагаагаа голлон чиглүүлж ирсэн байна.

“Хүний Эрх” сэтгүүлийн гол зорилго нь:

  • Хүний эрхийн талаарх эрдэмтэн, судлаачид, ажилтнуудын судалгааны үр дүн, үзэл бодлыг нийтэд хүргэх • Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүний эрхийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол, шийдвэр, олон улсын гэрээ, конвенциудыг олон түмэнд хүргэх, сурталчлах
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулсан, оролцсон арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа
  • Хүний эрхийн холбогдолтой ухагдахуун, ойлголт, нэр томьёоны тайлбар, ном бүтээлийн тухай танилцуулга, танин мэдэхүйн хийгээд лавлагаа мэдээллийн материалиудыг хэвлэн нийтийн хүртээл болгох
  • Үйлс зорилго нэгтэй, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг хүлээн авах, хүргэх зэрэг болно.

Сэтгүүлийн хэвлэл нийтлэлийн үндсэн шаардлага:

Тус сэтгүүлд хэвлүүлэх материалд дараах шаардлагыг тавьдаг болно.Үүнд:

Сэтгүүлд дараах бичлэгийн төрлийг нийтэлнэ. Үүнд:

  • Асуудал дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Ярилцлага
  • Орчуулгын материал
  1. Агуулгад тавигдах шаардлага:
  • Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх
  • Тодорхой сэдэв, чиглэлээр асуудлыг хөндөж үзсэн байх
  • Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх

2. Техникийн шаардлага:

  • Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
  • Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  • Шинэлэг, сонирхолтой байх;
  • Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  • Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
  • А4 хэмжээтэй 8-18 хуудсаас ихгүй байх;
  • Ариал үсгийн фондын 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1-1,15 байх;
  • Нийтлэлийн нэр болон хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх /А5 хэмжээгээр 1-2 хуудас/;
  • Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;

Энэхүү сэтгүүл нь Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюунлаг бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэгээрээ онцлог юм.

Иймээс та бүхний хүний эрхийн асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2021.10.01-ний өдрийг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.

Хаяг: Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Төрийн өмчийн XI байр. 513 тоот. Утас 262902, 99178392