• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр баталсан. “Хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо байгуулахад хуулийн зорилго оршиж байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн хамгаалагчдад тулгамддаг бэрхшээлийн талаарх судалгааг 2015 онд иргэний нийгмийн байгууллагын ажилтан, идэвхтэн, сэтгүүлч, өмгөөлөгч шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагч зэрэг 3662 хүнийг хамруулан хийсэн бөгөөд судалгаагаар,
• амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх
• нэр төр, алдар хүндэд нь халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх
• цахим хэлбэрээр халдлагад өртөх
• мэдээлэл авах боломжийг нь хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалзах
• үйл ажиллагааг нь үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх
• төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах, ялгаварлах, шударга бус хандах
• үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах зэрэг бэрхшээл хүний эрхийг хамгаалагчдад түгээмэл тохиолддог гэсэн дүн гарсан байдаг.