• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачилж, өргөн барьсан, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс Ажлын хэсгийг ахалж байгаа "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан олон нийтийн цахим хэлэлцүүлгийг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11:00-14:00 цагийн хооронд Zoom платформоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг хөтөлбөрийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх М.Үнэнбат чиглүүлж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ахлагч УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг нээв. Нээлтийн дараа ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын талаар, Эмнести Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хүний эрх хамгаалагчийг хамгаалж буй олон улсын туршлагын талаар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар танилцуулгыг тус тус хийлээ.

Цахим хэлэлцүүлэг нийт 60 оролцогчтой байв. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ Хүний эрх форумын гишүүд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад болон орон нутагт суугаа иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож уг хуулийн төслийн талаар санал, үзэл бодлоо илэрхийллээ. Хуулийн төсөлд санал өгөхийг хүсвэл УИХ-ын цахим хуудас дахь цахим хэлэлцүүлгийн цэсэд хандана уу.