• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨВСГӨЛ АЙМАГ : Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Хүний эрхийн боловсрол хариуцсан ахлах референт Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр орон нутгийн төсөвт тусгасан эсэх болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, халсан тушаал гарсан эсэх зэрэг хяналт шалгалт хийх юм. Мөн Тамгын газрын ажилтнууд болон Мөрөн сумын 15 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ.

Түүнчлэн ажлын хэсэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын асуудлаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж тулгамдаж буй асуудлыг илрүүлэх юм. Уг ажлыг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлага зөвлөмжийг хүргүүлнэ.