• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд хүний эрхийн стандарт, гарын авлагыг бэлэглэлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Хүний эрхийг хангах, хамгаалах тухай НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Хүний эрхийн зөвлөлд хандан гаргасан 60/251 тоот тогтоолын хэрэгжилт”, "Цагдаагийн байгууллага: Хүний эрхийн стандарт, туршлага” зэрэг ном, гарын авлагыг орчуулан хэвлүүлсэн юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг нар 2012 оны 12 дугаар сарын 10-нд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зочлон тус газрын удирдлагуудад эдгээр номуудыг  албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Уг эх сурвалжууд нь хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хамгийн ойр дөт чиг үүрэг бүхий тус байгууллагуудын ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэхэд нь хувь нэмрээ оруулахаас гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Эрүүдэн шүүхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн улс орнуудын Засгийн газарт Эрүү шүүлтийн талаар өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилтийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүргэх юм.
Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар нь Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үйлсэд нэгдэж, эрүү шүүлтийг таслан зогсоох чиглэлээр идэвх зүтгэл гарган, Хүний эрхийн Үндэсний Комисстой олон жил хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа Комиссын гишүүн онцлон ярьж байлаа.  Дээрх хоёр байгууллага нь Комисстой 2012 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан бөгөөд ирэх жил ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.