• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Цар тахлын үеийн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” цахим хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Дотоод хэргийн их сургууль, Суурийн Жанцан сангаас хамтран “Цар тахлын үеийн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХЭҮК, Шүүх, Прокурор, ЦЕГ, ШШГЕГ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын криминологчидын холбоо, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, цар тахлын үед хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын зүгээс,
- Зорилтот бүлгийн хүмүүст өршөөл үзүүлэх, ялыг өөрчлөх нөхцөлийг судлах;
- Цар тахлын үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль зүйн туслалцаа авах эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх, өмгөөлөгчийг үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах;
- Бүх нийтийн бэлэн байдлын үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, гэрч, хохирогч хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Тэнсэх, хугацаанаас өмнө хорих ялаас суллах журмыг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн цахимаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Хорих ангид байгаа хүмүүсийн эрхийг онцгойлон анхаарч, ялангуяа халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
- Мөрдөх болон шүүх байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авах, даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах;
- Шүүхэд цахимаар гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хариу мэдэгдэх ажлыг шуурхай, ил тод болгох зэрэг саналыг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход санал гаргасан нь өндөр ач холбогдолтой байлаа.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг зөвлөмж болгон, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажил хэрэг болгох юм.

186493114_951403959023859_7588041064671129926_n.jpg