• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлагыг хүргүүллээ

Нийслэлийн "Өргөө" амаржих газарт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07 цаг 40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт мөн өдрийн 19 цаг 00 минутад Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс дараах ажиллагааг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

- 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цаг 38 минутад Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан;

- Мөн өдрийн 23 цаг 06 минутад ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс эх, хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан;

- 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд захирал Т.Наранзул, дэд захирал М.Тунсаг, Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нараас тайлбар авч, холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийсэн болно.

Амаржсан эхийг өвлийн улиралд, шөнийн цагаар, гадуур хувцасгүй эмнэлгээс зөөвөрлөсөн үйлдэл нь хүний нэр төр, эрхэм чанарыг үгүйсгэсэн, хүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, шийтгэхийг хориглосон Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, хүний эрхийн зөрчил байна. Энэ үйлдэл нь юуны өмнө эрүүл мэндийн салбарын алба хаагчдын хэвшмэл хандлага, хариуцлагагүй байдлын илэрхийлэл гэж үзэж байна. Түүнчлэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, анхан шатны нэгжид үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өгч байгаа чиглэл, заавар хангалтгүй байгаа нь уг зөрчил гарахад нөлөөлжээ.

Иймд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Шаардлага хүргүүлж байна.

Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хүргэхэд анхаарах асуудлын талаар ХЭҮК-оос 2020 оны 12 дугаар сарын 30-ны 1/881 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн зөвлөмжүүдийг салбарын байгууллага, ажилтнуудад танилцуулах, зөвлөмжийг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;
  2. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 тоот албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, чанд мөрдүүлэх;
  3. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газраас коронавирусын халдвартай нь тогтоогдсон эхийг нярай хүүхдийн хамт ХӨСҮТ-д хүргэхдээ хүнлэг бус харьцаж, эрүүл мэндийн эрсдэлд оруулсан, ийм нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тухайн эх, нярайд эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх.

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн сургалт, соён гэгээрлийн ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу, өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Энэ ажилд Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой болохоо илэрхийлж байна.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Хувийг Улсын Онцгой Комисст.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Г.НАРАНТУЯА