Монгол
Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт хүчний Жанжин Штабын хамтын
ажиллагааны хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 311
дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, тус ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын
төвийн сургагч багш нарт хүний
эрхийг хүндэтгэн хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа
хүний эрхэд суурилсан хандлага, зарчмыг удирдлага болгоход нь дэмжлэг болгох сургалтыг зохион
байгууллаа.
Сургалтад
тус Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэг, Бодлогын дүн шинжилгээ, хүний
эрхийн боловсролын хэлтсийн дарга Ч.Алтангэрэл, ахлах референт З.Өнөржаргал сургагч
багшаар ажиллан, ангийн нийт бие бүрэлдэхүүнд "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрх, эрх чөлөөг
хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа”
сэдвээр мэдээлэл хийв.
Мөн энхийг дэмжих ажиллагааны
сургагч багш нарт зориулан "Хүний
эрхийн олон улсын гэрээ, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, гэрээний
хороодын чиг үүрэг, гомдол гаргах
журам”, "Хүний эрхэд суурилсан хандлага, зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх
нь”, "Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчсний улмаас гарах үр дагавар,
хариуцлага” зэрэг сэдвээр тус тус хичээл зааж, энхийг дэмжих ажиллагааны
оролцоход баримтлах хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, тусгай хэрэгцээт бүлгийн эрхийг хамгаалахад анхаарах асуудлаар
харилцан ярилцаж, санал солилцох замаар оролцооны аргад тулгуурлан сургалтыг
зохион байгуулав.