• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Зөвлөмж хүргүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнаас ХЭҮК-т хандаж ирүүлсэн гомдолдоо “Тус газар нь үйлдвэрийн ажилтанд болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд нь гаргахгүй гэж айлган сүрдүүлж байна.
Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна” гэсэн юм. ХЭҮК уг асуудлыг шалгаж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус газрын удирдлагад Зөвлөмж хүргүүллээ.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавирус (КОВИД-19)-ын халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй тул тус үйлдвэрийн газрын ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж болзошгүй байна.

Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавирус /Ковид-19/-ын халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байхыг зөвлөлөө.