• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдрийг угтаж, шүүх эрх мэдлийн болоод хууль сахиулах байгууллагууд хамтран хэлэлцүүлэг өрнүүлэв

Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Дэлхий нийтээрээ хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байхын эсрэг нэгдэж, жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр” болгон зарлаж, улс орнууд тэмдэглэн, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх сайн дурын тусламжийн аян өрнүүлдэг байна.

Энэ өдрийг угтаж ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас санаачлан мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран (2022.06.24) зохион байгууллаа.

IMG_9447.JPG

Энэхүү хэлэлцүүлгийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нээж, УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэн баталж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний бүрэн эрх, чиг үүрэг, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг анх удаа хуулиар зохицуулсан. Монгол Улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон байдаг. Эрүү шүүлт гаргахгүй байх чухал алхам нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж үздэг. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтран эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгээс гаргасан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл цуглуулах, үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-аа танилцуулж байна. Цаашид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдал буурч үр дүн гарна гэж үзэж байна гэлээ.

289025301_559205719006447_8579333820453694782_n (1).jpg

Хэлэлцүүлгийн үеэр “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа“ Комиссын ахлах референт Э.Мөнхзул, “Мендезийн зарчим”-ын агуулга, ойлголтыг Комиссын ахлах референт З.Өнөржаргал, “Эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааг хориглох нь” Монголын Эмнести Интернэшнлийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Амарзаяа, НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, эрүү шүүлтийн зөвлөмжийн талаар Митчелл сангийн гүйцэтгэх захирал Б.Баттогтох нар илтгэл тавьж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тэрбээр Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, сургалт сурталчилгаа нөлөөллийн чиглэлээр холбогдох талууд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ч эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажиллагаанд анхаарах шаардлагатай асуудлууд байгааг оролцогчид онцоллоо.

IMG_9446.JPG

Хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, ДХИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал О.Зоригт, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо зэрэг 15 байгууллагын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэн “Мендезийн зарчим”-ыг Монгол Улсад нутагшуулах, хууль хэрэглээнд нэвтрүүлэх, хууль зүйн болон хууль сахиулахын их дээд сургуулиудын сургалтын арга зүй, хөтөлбөрт тусгах чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, идэвхтэй хамтран ажиллахаар нэгдэж, Комиссоос гаргасан уриалгыг дэмжлээ.