ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөл, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллаж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус төвийн дарга Л.Эрдэнэхүүд 6 чиглэл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн.

Мөн АНҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчлүүлэгчдийн гаргасан санал, гомдлын дагуу Зам тээврийн хөгжлийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга нарт зөвлөмж хүргүүлсэн билээ.
Энэ хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус төвд ажиллалаа.

Ажлын хэсгээс зөвлөмжид тусгасан шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтэд үнэлгээ хийж ажиллав.
Мөн тус төвийн албан хаагч, үйлчлүүлэгч нарт гишүүний зөвлөмжийн биелэлтийн танилцуулж, албан хаагч, үйлчлүүлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийж, санал хүсэлт, гомдлыг сонсож, шийдвэрлэх боломжтой асуудлыг төвийн удирдлагад мэдэгдэж, газар дээр нь шийдвэрлэж ажиллав.