• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Боловсролын байгууллагуудад ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдсан танхимын хичээлийг 2021-2022 оны хичээлийн жил эхлүүлээд байна. Ийнхүү танхимаар хичээллэх болсноор боловсролын салбарт үүсч болзошгүй зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул Боловсрол шинжлэх ухааны сайдад Комиссын зөвлөмжийг хүргүүллээ.

Зөвлөмжид, сургуулийн орчинд суралцагчид бие биенээ коронавируст халдвараар өвдсөн эсвэл вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дүрэм журам боловсруулж бүх шатны боловсролын байгууллагуудад мөрдүүлэх; багш, ажиллагчдыг коронавируст халдвараар өвдсөн эсэхээс хамаарч хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхгүй байх, хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангах; цар тахлын улмаас айл, өрхүүдийн орлого буурсантай холбоотойгоор төлбөртэй сургуульд суралцагчдад сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийх; тусгай хэрэгцээт суралцагчдад тэдний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хөтөлбөр, арга, хэлбэрийг боловсруулан, хэрэгжүүлэх; цар тахлын нөхцөл хүндэрч сургуулийн үйл ажиллагааг зогсоох тохиолдолд голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжоор хангах уян хатан бодлого, арга хэмжээг авч, хэрэгжүүлэх асуудлыг тусгаад байна. Мөн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл, тэтгэлгийг тасралтгүй олгох; ЭЕШ-ын дүн мэдээг танилцуулахдаа хүний нууц алдагдах, нэр төрд нь халдах, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс сэргийлэх; вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч сурч боловсрох эрхээ бүх хэлбэр, түвшний боловсролын байгууллагад баталгаатай эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зөвлөлөө.

Түүнчлэн охид эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, хамгаалах хүрээнд сургуулийн орчинд анги, бүлэг, нийтээр нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд “Охидын үзлэг”-ийг нэгдсэн байдлаар хийхийг таслан зогсоож, сайн дурын үндсэн дээр эрүүл мэндийн зөвлөгөө, шинжилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө. Учир нь зарим аймаг, орон нутагт ЕБС “Охидын үзлэг”-ийг нэгдсэн байдлаар зохион байгуулснаар өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, хүүхдийн хувийн нууц мэдээлэл задарсан нөхцөлд сургуульд суралцах боломжгүй болж сургууль завсардах, шилжих, сургууль, гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдол цөөнгүй гарсан юм.

Онгон хальсны үзлэг нь НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хамгаалсан охид, эмэгтэйчүүд халдашгүй дархан байх эрх, хүйсийн байдлаас үүдэн ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалагдах эрх, амьд явах эрх, хүүхдийн эрх, хувийн нууцлал, орон зай болон бие махбодын хувьд эрх чөлөөтэй байх эрх, тарчлаан зовоох болон тамлалтаас чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн хамгийн дээд зэргийн чанартай үйлчилгээ авах эрх, цаашилбал эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцах, хэрцгийлэл, доромжлолоос ангид байх, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулахгүй байх зэрэг эрхүүдийг ноцтойгоор зөрчиж буй хэлбэр юм.