• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндэстний цөөнхийн хос хэл, хос соёлын асуудлаар хэлэлцэв

Үндэстний цөөнхийн эрхийн асуудал бол нэг улсаар төдийгүй дэлхийн улс орнуудын хүний эрхийн талаарх хамгийн их анхаарал татсан асуудлын нэг юм. Тийм ч учраас “Тува хүүхдийн хос хэл, хос соёлын өнөөгийн байдал, чиг хандлага” хэлэлцүүлгийг (2022.06.21) УИХ-ын БСШУСБХ, ХЭҮК, БШУЯ болон бусад төрийн бус байгууллага иргэдийн төлөөлөл хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Ховдын Буянт, Хөвсгөл аймгийн Цагааннуурын уугуул Тувачууд болон төвийн бүсийн аймаг, сум хотуудад шилжин суурьшсан Тувачуудын үр хүүхдийн хос хэл, эх хэлний боловсрол сургалтын тэгш хүртээмжтэй байдал, үндэстний цөөнхийн хүүхдийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг даван туулах талаар Тувачуудын дуу хоолой, санал хүсэлтийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх асуудлын хүрээнд ярилцав.

IMG_2673.JPG

Уг хэлэлцүүлгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нээж, ХЭҮК анх байгуулагдсан цагаасаа эхлэн үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа шинжилгээ явуулж ирсэн бөгөөд энэ хүрээнд цаатан иргэд эрх, эрх чөлөөгөө бусдын адил эдлэх, соёл уламжлалаа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх гурван удаагийн илтгэлд (2003, 2009, 2016) үндэстний цөөнх иргэдийн эрхийг хангах, нөхцөл байдал, хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг үнэлж, төрийн албан ёсны хэл болон хос хэлний сургалтын чанар, хүртээмж, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, мөн багшийн мэргэжлийн бэлтгэл, боловсролын чанар, сургалтын орчин зэрэг тулгамдаж буй асуудлаар тодорхой саналуудыг тусгаж Комиссоос УИХ-д хүргүүлсээр ирсэн гэдгийг онцлон дурдав.