• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хууль, хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, хорих ангид хяналт шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Комиссын гишүүн Б.Энхболд тус аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Эрхэмбаатар, Өвөрхангай аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ц.Хүрэлбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг нартай уулзаж, хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд аймгийн удирдлагуудын зүгээс цар тахлын үед хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарсан гомдол, мэдээллийн талаар товч мэдээлэл өглөө. Хоригдож буй эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч нөгөө талд хохирсон иргэдийн хохирлоо нөхөн төлүүлэх боломж хязгаарлагдмал байгааг аймгийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн хүний эрхийн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломж нөхцөл, хууль эрх зүйн зарим тодорхойгүй зохицуулалтыг анхаарах, алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар зохицуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал хэлж байлаа. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас тавьж буй дээрх асуудалд анхаарал хандуулан ажиллана гэдгийг Комиссын гишүүн хэлсэн юм.

188546174_212592663880396_1499142370647391607_n.jpg

Уулзалтын дараа тус аймаг дахь ШШГЕГ-ын цагдан хорих байр болон эрүүлжүүлэх, баривчлах саатуулах байрны үйл ажиллагаатай танилцаж, хоригдож буй иргэдийн орчин нөхцөл, хүний эрхийн зарчимд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус аймгийн эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны орчин нөхцөл стандартад нийцэхгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа нь анхаарал татаж байлаа.

186553348_785432219000040_8206710755909315013_n.jpg