• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөговь аймгийн иргэд, удирдлагуудтай уулзалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж "Өмнөговь аймаг сүүлийн цөөн хэдхэн жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт гол хөрөнгө оруулалтыг хийдэг, уул уурхайг эрчимтэй хөгжүүлж буй аймаг болж чаджээ. Уул уурхайн томоохон төслүүд байрлаж буй орон нутаг маш хурдацтайгаар хөгжиж буй нь нүдэнд илхэн байна. Гэвч энэхүү хөгжил дэвшлийн дунд хүний эрхийн зөрчлүүд гарч байгааг дурдлаа. Тухайлбал Гашуун сухайтын хилийн боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид уух усгүй, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж нөхцөлөөр хангагдалгүй үлдсэн байна” гээд үүнд нутгийн удирдлагууд анхаарал тавьж ажиллахыг хүслээ. Түүнчлэн тус аймагт уул уурхайн хөгжилтэй холбоотойгоор үүссэн хүн амын зохиомол өсөлтөөс үүдэлтэй хүний эрхийн ямар зөрчлүүд нэмэгдсэнийг тодрууллаа. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир "Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудаас орон нутгийн хөгжлийн төсөвт их хэмжээний хөрөнгө мөнгө орж ирсэн. Манай аймгийн хувьд уг хөрөнгийг зам болон нийтийн орон сууцанд оруулснаас биш үйлдвэр бүтээн байгуулалт, өөрөө өөрийгөө тэтгээд аваад явах ажлын байр бий болгох зүйл рүү оруулаагүй. Үүнээс үүдэн ажилгүйдлийн түвшин буурахгүй байна. Шинээр сонгогдсон удирдлагууд Засаг даргынхаа 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг боловсруулахын тулд аймгийнхаа бүх сум, баг, уурхайгаар орж танилцан, иргэдийн санал хүсэлтийг авсан. Иргэдээ ашигтай, орлоготой, тогтвортой ажлын байртай болгох, тэдний амьдралын чанарыг сайжруулахын төлөө шинээр сонгогдсон баг анхаарч ажиллаж байгааг дурдаад Гашуун сухайтын хилийн боомтын асуудлыг анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн” юм. Үүний дараа төрийн байгууллагуудын удирдлагууд тус аймагт үүсээд байгаа хүний эрхийн зөрчлүүдийг танилцууллаа. Өмнөговь аймгийн иргэд уул уурхайн компанид олноороо ажиллах болсноор гэр бүл салалт ихэссэний зэрэгцээ өрх толгойлсон хүүхэд гэдэг нэршил шинээр бий болсон байна. Мөн уурхайд ажиллаж буй эмэгтэйчүүд ажил албан тушаалаа буурахаас эмээж жирэмсэн гэдгээ нууж удаан хугацаанд явснаас үүдэлтэй төрөхийн хүндрэл, амьгүй төрөлтийн тоо нэмэгдсэнийг дурдаж байв. Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх тохиолдол их болсныг хэлж байсан юм. Уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комисс, Өмнөговь аймгийн ИТХ-тай 2014 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийнхээ үр дүнг дүгнэж, уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах, тус аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, хамтран ажиллах, тус аймгийн иргэдээс ирүүлсэн хүний эрхийн зөрчил, гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, шаардлага, зөвлөмж хүргүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үргэлжлүүлэн байгуулахаар боллоо. Мөн иргэд, төрийн байгууллагуудаас гаргасан хүний эрхийн зөрчил мэдээллийг анхааралдаа авч ажиллана гэдгээ Комиссын дарга илэрхийллээ.